Цаг үеийн мэдээ

Аймгийн хэлний бодлогын орон тооны бус зөвлөл хуралдав

Монгол улсын Засгийн газрын 96 тогтоолоор “Монгол бичгийн хөтөлбөр-III”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд төрийн байгууллагууд албан бичиг хэргээ 2022 оноос эхлэн кирилл, Монгол бичгээр зэрэгцүүлэн хөтлөх, орчин бүрдүүлэх, туршиж эхлэх, улмаар 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн албан хэргийг кирилл, Монгол бичгээр хослуулан хөтөлж явуулах тухай тусгасан байдаг.

Иймээс “Хос бичигтэн” болох бэлтгэл ажлыг аймгийн хэмжээнд хангах, Монгол бичиг, соёлыг хэрэглээг нэмэгдүүлэх, сургалт явуулах, сурталчлан түгээх, дэлгэрүүлэх зорилгоор “Монгол хэл, бичиг” дэд хөтөлбөрийг боловсруулан 2021-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор хэлний бодлогын орон тооны бус зөвлөлийг дарга, дэд дарга, нарийн бичиг, гишүүдээс бүрдсэн 19 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Энэ зөвлөл өнөөдөр /2021.0318/ хуралдаж хөтөлбөр, хөтөлбөрийн зорилт хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хүрэх үр дүнг ярилцан ирэх 7 хоногт хуралдах аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахаар боллоо.