Цаг үеийн мэдээ

Аймгийн Онцгой комиссын гишүүд 100 хувийн ирцтэй хуралдлаа

Аймгийн Онцгой комиссын гишүүд өнөөдөр /2021.03.24/ 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлаар нийт 8 асуудлыг хэлэлцэн санал солилцож шийдвэр гаргав.

Тухайлбал, “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын мэдээлэл, Улаанбаатар хот, бусад аймгаас Жаргалант суманд ирж гэрийн ажиглалтад байгаа иргэдийн мэдээлэл, тэдэнд “CLIX GPS” аппликейшн ашиглан тавьж буй хяналт, үр дүнгийн талаарх мэдээллийг сонслоо.

Өнөөдрийн байдлаар /2021.03.24/ 233 иргэн гэрийн ажиглалтад байна. Тэдгээр иргэдэд Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, сумын Онцгой комиссоос томилогдсон ажлын хэсэг хяналт тавьж байгаа. Одоогоор халдварын ямар нэгэн тохиолдол байхгүй. Тусгаарлах байранд ажиглаж буй иргэн байхгүй гэж мэргэжлийн байгууллагаас албан ёсоор мэдээллээ.

“Ковид-19”-ийн халдвар Улаанбаатар хотод голомтлон гарсаар байна. Үүнээс гадна Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий, Дорноговь, Увс, Завхан зэрэг 11 аймагт халдвар бүртгэгдсэн. Өдөрт халдвар авсан иргэдийн тоо улсын хэмжээнд 200 гаруйгаар нэмэгдэж байгаа нь онцгой анхаарал татаж байна. Манай аймаг хэдийгээр хяналт тавьж, хурдавчилсан оношлуураар шинжилгээ авч нэвтрүүлж байгаа ч халдвар хаяанд байна. Ийм цаг үед иргэн бүр Улсын болон аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг сайтар дагаж мөрдөн халдвараас урьдчилан сэргийлэх, аймгаа “НОГООН БҮС” хэвээр хадгалахад онцгой анхаарах хэрэгтэй болж байна. Тиймээс Онцгой комиссын гишүүд, Цагдаа, Онцгой гээд хууль хяналтын болон бусад байгууллагууд, байгууллагын болон сумдын Засаг дарга, Онцгой комиссын дарга нар чиг үүргийнхээ дагуу ажлаа илүү сайжруулахыг Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Дүгэржав анхаарууллаа.

Түүнчлэн энэ удаагийн хурлаар 03 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд болсон хүчтэй салхи, шуурганы улмаас үүссэн хохирлын мэдээлэл, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцлээ.

Хүчтэй шуурганы улмаас Зэрэг, Чандмань, Дуут, Ховд, Дөргөн, Дарви, Мөнххайрхан зэрэг 11 сумын 46 гэр унаснаас 35 гэр нь ашиглах ямарч боломжгүй болсон байна. Мөн 70 гаруй хашаа, 8 байшингийн дээвэр, 1 тоглоомын талбай, 2 автомашины шил хагарсан, Дөргөн, Зэрэг сумдад үүрэн холбооны сүлжээний цамхаг хугарч унаснаас нийт 63 сая гаруй төгрөгийн хохирол учирсаныг 04 дүгээр сарын 01-ний дотор Улсын Онцгой комисст уламжилж, шийдвэрлүүлэхээр болов.

Шатахууны үнэ ханш нэмэгдэж болзошгүй учраас Шунхлай, М-Ойл ХХК-иуд БНХАУ-аас шатахуун тээвэрлэн Булган боомтоор оруулж ирэх хүсэлтээ Улсын Онцгой комисст уламжилжээ. Энэ ажлыг Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өгсөн чиглэлийн дагуу мэргэжлийн байгууллагууд хяналтаа тавьж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж зохион байгуулан ажиллах үүрэг чиглэлийг өглөө.