Цаг үеийн мэдээ

“Ковид-19”-ийн халдварын батлагдсан тохиолдол 29 боллоо

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан /2021.04.01.10:30 цаг/ аймгийн Онцгой комиссын гишүүд хуралдлаа. Хурлаар:

-“Ковид-19”-ийн халдварын нөхцөл байдлын мэдээлэл,
-Ховд аймагт бүртгэгдсэн халдварын тохиолдол, өвчтөнүүдийн биеийн байдал, эмчилгээний үр дүн,
-“Ковид-19”-ийн халдварын “УЛБАР ШАР” түвшинд шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээ,
-Жаргалант суманд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ,
-ЗӨСТ-өөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Өчигдрийн /2021.03.31/ байдлаар нийтдээ 620 иргэнд хурдавчилсан оношлуураар, 444 иргэний сорьцонд PCR шинжилгээ хийжээ.

2021 оны 04 дүгээр сарын 01-ний 12:00 цагийн байдлаар  “Ковид-19”-ийн халдварын батлагдсан тохиолдол 29 боллоо.

Халдвар авсан иргэд 6-60 настай, биеийн байдлын хувьд нэг нь хүнд, бусад нь хөнгөн хэлбэртэй БОЭТ-ийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Халдварын голомтод БОЭТ-өөс Их эмч, сувилагч, үйлчлэгч гэсэн 6 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллан халдвар авсан иргэдийг эмчилж байна. Халдвар авсан иргэдийн тоо нэмэгдэж байгаа учраас эмч нарын багийг нэмэгдүүлнэ гэж Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Цэргийн анги, Прогресс сургууль, ягаан 80 айлын орон сууц, буяны ажилд оролцсон иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Гэвч нөхцөл байдал хүнд байна. Халдвар илэрсэн зарим иргэд нэр бүхий зоогийн газар, үйлчилгээний төвөөр орж үйлчлүүлсэн нь тогтоогдсон, түүний ойрын хавьтлын иргэдээс халдвар илэрсэн нь анхаарал татаж байна. Тийм учраас иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх нь чухал.
Ойрын хавьтлын гэх иргэдийг тандан судалж мэргэжлийн байгууллагууд холбогдох шинжилгээ хийн ажиллаж байна. БОЭТ-ийн салбар лаборатори нь нэг удаад 94 сорьцонд PCR шинжилгээ хийдэг, үүнд 6-7 цаг зарцуулдаг байна.