Цаг үеийн мэдээ

Сүүлийн 24 цагт “Ковид-19”-ийн халдварын батлагдсан тохиолдол 17-оор нэмэгдсэний 9 нь Зэрэг сумаас илэрчээ

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 17-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 18-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 372 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 17-оор нэмэгдэж өнөөдрийн /2021.04.18/ байдлаар нийт 177 боллоо.

Тодруулбал, Зэрэг сумаас хамгийн олон буюу 9 тохиолдол илэрсэн бол бусад нь “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр, гэрийн ажиглалтад байсан иргэдээс халдвар илэрсэн байна.

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.04.18/ байдлаар 80 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс 1 өвчтөний биеийн байдал нэн хүнд, 2 өвчтөний биеийн байдал хүнд, 8 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.
Зэрэг сумын халдвартай 9 иргэнийг өнөөдөр “Тусгаарлах эмнэлэг”-т тээвэрлэн авчирна. Мөн ойрын хавьтлын бүх иргэдийг олж тогтоон тээвэрлэн авчирж аймгийн төвд тусгаарлахаар төлөвлөж байна.

“Ковид-19”-ийн халдварын улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн иргэдээс 86 нь эдгэрч гэртээ гараад байна.
Өнөөдрийн /2021.04.18-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 596 иргэн тусгаарлагдсан бол 152 иргэн тусгаарлан ажиглах байранд, 526 иргэн гэрийн ажиглалтад байна.

“Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад иргэн таны “ДЭМ, ДЭГЛЭМ” чухал. Тиймээс, Иргэн бүр халдвараас сэргийлж:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!!
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!

“ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”