Цаг үеийн мэдээ

“Ковид-19”-ийн халдвар авсан нийт иргэдийн 62 хувь нь эдгэрлээ

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 24-ний 8:00 цагаас 04 дүгээр сарын 25-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 227 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 7-оор нэмэгдэж өнөөдрийн /2021.04.25/ байдлаар нийт 211 боллоо.

Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр /ROYAL ЗОЧИД БУУДАЛ/-д байсан нэг иргэнээс, голомтын бүс “Тусгаарлах эмнэлэг”-т ажиллаж байсан БОЭТ-ийн нэг ажилтан мөн гэрийн ажиглалтад байсан Жаргалант сумын Магсаржав багийн нэг иргэнээс, Зэрэг суманд гэрийн тусгаарлалтад байсан 4 иргэнээс халдвар илэрчээ.
Өчигдөр /2021.04.24/ Зэрэг сумаас халдвартай 4 иргэн тэдний ойрын хавьтлын 17 иргэнийг тээвэрлэн авч ирж “Тусгаарлах эмнэлэг” болон тусгаарлах байранд шилжүүлсэн. Одоо тус суманд 20 иргэн тусгаарлах байранд, 160 иргэн гэрийн ажиглалтад байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.04.25/ байдлаар 79 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1, хүнд-3, хүндэвтэр-1 бусад нь хөнгөн байна.
“Ковид-19”-ийн халдварын улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн иргэдээс 131 буюу халдвар авсан нийт иргэдийн 62 хувь нь эдгэрээд байна.
Өнөөдрийн /2021.04.25-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 909 иргэн, тусгаарлан ажиглах байранд 164 иргэн, гэрийн тусгаарлалтад 569 иргэн, гэрийн ажиглалтад 171 иргэн байна.

“Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад иргэн таны “ДЭМ, ДЭГЛЭМ” чухал. Тиймээс, Иргэн бүр халдвараас сэргийлж:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!!
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!
“ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ”