
“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын Цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалтын нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2026.04.04/ боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмын дагуу Ховд аймагт хэрэгжих сургалтын үйл ажиллагаа ийнхүү эхэлж байна. Тус сургалтад МУИС-ийн Баруун бүсийн сургууль болон Хөгжил политехник коллежийн оюутан, суралцагчдаас сонгон шалгаруулалт явуулж, шаардлага хангасан бүрэлдэхүүн цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалтад хамрагдаж байгаа юм. Тодруулбал, энэ жил МУИС-ийн Баруун бүсийн сургуулиас 40, Хөгжил Политехник Коллежоос 35 суралцагч хамрагдаж байна. Арга хэмжээний нээлтэд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын бүрэлдэхүүн, дээрх сургуулиудын удирдах албаны төлөөллүүд болон сургалтад хамрагдаж буй оюутан, суралцагсад оролцов. Энэхүү хөтөлбөр нь оюутан залуучуудыг эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт бүх талаар бэлтгэж, сэтгэл зүй, бие бялдрын өв тэгш хүмүүжлийг олгох, тэднийг ахмад үеийн баатарлаг, дайчин уламжлалаар хүмүүжүүлэх, дайчилгааны бэлтгэл нөөцийг бүрдүүлэх зорилготой. Суралцагсад хоёр сарын хугацаанд “Цэргийн ерөнхий бэлтгэл” шатны онолын сургалтад хамрагдсаны дараа дараагийн шат болох “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” шатны сургалтад хамрагдах нөхцөл бүрдэх юм. Мөн уг сургалтад хамрагдсанаар суралцах хугацаандаа цэргийн албыг хаах, цаашлаад төрийн албанд ажиллах нөхцөл бүрдэж байгаагаараа онцлогтой.