21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдах Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит Улсын аварга шалгаруулах Цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээн энэ сарын 5-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Өнгөрсөн гуравдугаар сард болсон Аймгийн аварга шалгаруулах тэмцээний шилдгээр шалгарсан Жаргалант сумын Ерөнхий боловсролын зургаадугаар сургуулийн сурагчид дээр тулгуурлан гуравдугаар сургууль, Мянгад сумын ЕБС-ийн багуудаас шалгарсан шилдэг хүүхдүүдийг хамруулсан “Талын бүргэд” баг Ховд аймгаа төлөөлөн тус тэмцээнд оролцох юм. Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуягаар ахлуулсан баг тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээндээ оролцохоор өнөөдөр /2025.6.3/ замдаа гарч байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга М.Амарсанаа, аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр нар баг тамирчидтай уулзаж, амжилт хүслээ.
Энэ үеэр Засаг дарга тэмцээнд оролцох баг тамирчдад “Аймгийн Туг”-ийг гардуулахын сацуу бэлтгэл сургуулилтын үеэр багш нарынхаа зааж сургасан, зөвлөсөн бүхий л зүйлийг сайн санаж, цэрэг хүний тэсвэр хатуужлыг харуулан, олон угсаатан Ховдчуудынхаа нэрийг өндөрт өргөж, тэмцээндээ амжилттай оролцоод ирэхийг хүсэн ерөөв.
Баг, тамирчид ЗДТГ-ын цэргийн штабын Орон нутгийн хамгаалалтын бэлтгэл сургалтын офицер, хошууч Д.Тамир, VI сургуулийн биеийн тамирын багш Б.Уранчимэг нарын удирдлага дор 5-р сарын 11-нээс хойш бэлтгэл сургуулилтаа сайтар базаажээ. Хүүхэд, залуучуудад цэрэг-эх оронч үзэл төлөвшүүлэх, бие бялдар, ёс суртахуун болон сэтгэл зүйн хүмүүжил олгоход чиглэсэн тус тэмцээн гарааны өмнө гүйцэтгэх ажиллагаа, маршийн явцад гүйцэтгэх ажиллагаа гэсэн 2 шаттайгаар явагдана.