no image
“Би Орос хэлэнд дуртай” оюуны уралдаан боллоо
2025-9-12

ЕБС-иудын 8-9-р ангийн сурагчдын дундах “Би Орос хэлэнд дуртай” оюуны уралдаан өнөөдөр боллоо. “Орос, Монгол-мөнхийн нөхөд” уриан дор явагдсан тус оюуны уралдаанд Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 сургууль, Мянгад, Буянт, Манхан, Үенч, Дөргөн, Ховд сум гээд нийт 12 сургуулийн 60 сурагч оролцсон юм. 

 

 

Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Бүгд найрамдах Тува Улсын Дээд Хурлын Үндсэн хууль, эрх зүйн бодлого, төрийн байгуулалтын хорооны дарга Осмоловская Людмила нар оролцож, багш сурагчдад амжилт хүслээ. Энэхүү уралдаан нь сурагчдын орос хэл сурах, танин мэдэхүйн идэвхийг дэмжих, орос хэлээр харилцах ур чадварыг хөгжүүлэх, бүтээлчээр өөрийгөө илэрхийлэх боломж олгоход чухал ач холбогдолтой. 

 

 

Уралдаан асуулт хариулт хэлбэрээр үндсэн 10 даалгаврын хүрээнд явагдаж шилдгүүдээ шалгарууллаа. Үүнд: 1-р байрт Жаргалант сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль 2-р байрт Ховд сумын ЕБС 3-р байрт Үенч сумын ЕБС-ийн сурагчид шалгарав. Хаалтын арга хэмжээний үеэр уралдаанд оролцсон сургуулийн багш нарт “Талархал” хадгалуулж, хүүхэд бүрд дурсгалын зүйл гардууллаа. 

 

 

Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын дээд хурал хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд жил бүр уламжлал болон явагддаг тус уралдааныг энэ жил Ерөнхий боловсролын 6-р сургууль хариуцан салбар байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ.