no image
ЭЕШ-д 750-иас дээш оноо авсан сурагчдад мөнгөн урамшуулал олгов
2025-6-26
noimage

Ховд аймаг Боловсролын салбараа дэмжиж “Ховдын ирээдүй” төсөл арга хэмжээг 2025-2028 он хүртэл хэрэгжүүлж буй. “Ховдын ирээдүй” төсөл арга хэмжээний хүрээнд Элсэлтийн Ерөнхий Шалгалтад 750-иас дээш оноо авсан сурагчдад Батламж гардуулах арга хэмжээ өнөөдөр /2025.6.25/ болов. 



10 судлагдахуун хичээлээр давхардсан тоогоор 2736 шалгуулагч Ховд аймгийн хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалт өгчээ. Нийт шалгуулагчдаас 4 сурагч 800 оноо, 26 сурагч 750-799-ийн хооронд оноо авсан амжилт үзүүллээ. Онцолбол, Математикийн хичээлээр Жаргалант сумын ЕБ-ын Прогресс сургуулийн сурагч Энхтайваны Бөжинсаран Нийгэм судлал хичээлээр Жаргалант сумын ЕБ-ын Прогресс сургуулийн сурагч Үүрцайхын Өсөх-Ирээдүй Жаргалант сумын ЕБ-ын Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Баясгалангийн Хулан Жаргалант сумын ЕБ-ын Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Жаргалсайханы Эмүжин нар тус бүр 800 оноо авчээ. 800 оноо авсан сурагчийг 2,000,000 төгрөгөөр, 770-799 оноо авсан сурагчийг 1,500,000 төгрөгөөр, 750 -770 оноо авсан сурагчийг 1,000,000 төгрөгөөр тус тус шагнаж Батламж гардууллаа. 



Энэхүү арга хэмжээний үеэр Улсын олимпиадад амжилттай оролцож, медальт байранд шалгарсан хоёр багшийг тус бүр 3,000,000 төгрөгөөр, сурагчийг 1,000,000 төгрөгөөр,Бүсийн олимпиадад амжилттай оролцож медальт байранд шалгарсан 6 багш, 13 сурагчийг тус бүр 300,000-500,000 төгрөгөөр урамшуулж, Батламж гардуулав. Мөн мэргэшлийн зэрэг олгох тухай Боловсролын сайдын тушаалаар Прогресс сургуулийн бага ангийн багш н.Одончимэг, Булган сумын хоёрдугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Оюун-Эрдэнэ нар “Монгол Улсын Зөвлөх багш” цол тэмдэг хүртсэнийг энэ үеэр гардуулж баяр хүргэв. 



“Ховдын ирээдүй” төсөл арга хэмжээний хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд аймгийн Боловсролын салбарт багшийг чадавхжуулах, олимпиад ур чадварын уралдаанд амжилт үзүүлсэн багш, сурагчдыг урамшуулах, сургалтын орчныг сайжруулах зорилгоор орон нутгийн төсөвт 2 тэрбум төгрөг хуваарилсан. Үүний 52 сая гаруй төгрөгийг ийнхүү мөнгөн урамшуулал байдлаар олголоо.