Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар энэ жил Ховд аймгийн хэмжээнд 30 аж ахуйн нэгж, 3,5 тэрбум төгрөгийн дэмжлэг хүссэн төслөө ирүүлжээ. “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу дээрх аж ахуйн нэгжүүдийн төслөөс шат шатны сонгон шалгаруулалтаар 10 аж ахуйн нэгж тэнцсэн байна. Эдгээрт Алтай, Зэрэг, Буянт, Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн жимс, жимсгэнэ үйлдвэрлэх, хүнсний ногооны зоорь, мах, сүүний фермерийн эрчимжсэн аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, мод, модон болон морин хуур,сав баглаа боодлын төслүүд багтаж байна.
930,9 сая төгрөгийн санхүүжилт хүссэн дээрх аж ахуйн нэгжүүд төсөл сонгон шалгаруулах аймгийн дэд хорооны хуралд төслөө танилцууллаа.
Дэд хорооны хурлаар төслүүдийг хэлэлцэн, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд уламжилж, шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгуулна.
Энэ жилийн хувьд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихээр 900,0 сая төгрөгийн эх үүсвэр бүрдүүлсэн бөгөөд орон нутгийн төсвөөс 27%, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 73 %-ийг тус тус олгох юм.