no image
Сумдын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд чадавхжиж байна
2025-9-8
noimage

Бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх "DIGITAL FIRST" 5-р аяны хүрээнд аймгийн ЗДТГ, Ховд аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс хамтран хөдөөгийн 16 сумын мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна. Өнөөдөр /2025.9.5/ эхэлсэн тус сургалтын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр оролцов. 

 

 

Тэрбээр Ховд аймаг цахим аймаг болох зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын талаар товч мэдээлэл хүргэж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай иргэдэд чирэгдэлгүй хүргэх ажилд мэдээлэл технологийн ажилтнууд шат шатны байгууллагын гүүр нь болж ажиллах хариуцлагатай алба гэдгийг тодотгон оролцогчдод амжилт хүслээ. 

 

 

Мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтаар дамжуулан Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, “Шилэн бүртгэлийн хэрэглээ хяналт”-ыг сайжруулахыг зорьж байна. Оролцогчид 2 өдрийн хугацаанд Төрийн шилэн бүртгэл ашиглах, хяналт тавих, Эрх зүйн үндэс, ашиглалт хяналтын зарчим, ил тод байдал, хариуцлагын тогтолцоо, Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн пэйж болон “Хурдан киоск машины хандалт нэмэгдүүлэх, үр бүтээлтэй ашиглуулах арга хэлбэр зэрэг 10 гаруй сэдвийн хүрээнд мэдээлэл авч, харилцан туршлага судална. 

 

 

Үр дүнд албан хаагчдын цахим үйлчилгээний талаарх мэдлэг ур чадвар дээшилж, төрийн цахим үйлчилгээний ажлын эргэх холбоо сайжирна гэж үзэж байна. Ингэснээр иргэдэд хүргэх мэдээллийн чанар хүртээмж сайжрах давуу талтай. Сургалт маргааш /2025.9.6/ өндөрлөнө. Сургалтын төгсгөлд оролцогчдод сертификат гардуулна.