no image
Улсын Онцгой комисс 21 аймагтай цахим хурал хийв
2025-12-16
noimage
Цаг үеийн

Хүйтний эрч чангарч зарим аймгуудад өвөлжилт хүндэрч эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр /2025.12.11/ Улсын Онцгой комисс 21 аймгийн Онцгой комисстой цахим хурал зохион байгууллаа. Хуралд Ховд аймгийн Онцгой комиссын гишүүд 80 гаруй хувийн ирцтэйгээр оролцов. Хурлын үеэр: ЦУОШГазраас ирэх улирлын цаг агаарын төлөв, зудын урьдчилсан төлөв ХХААХҮЯ-наас 2025-2026 оны хөдөө аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын дүн мэдээ, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө. Мэргэжлийн байгууллагуудын танилцуулснаар 2025-2026 оны өвөл хаврын бэлчээрийн даацын үнэлгээ дараах үзүүлэлттэй гарсан байна. Үүнд: Нийт нутгийн 39.8 % бэлчээрийн нөөцтэй 19% бэлчээр хүрэлцээтэй 24.6% даац 1-3 дахин хэтэрсэн 6.3% даац 3-5 дахин хэтэрсэн 10.3% даац олон дахин хэтэрсэн байна. Цаг агаарын хувьд одоогоор нийт нутгийн 75 хувьд цасан бүрхүүл тогтсон, энэ оны 12-р сар болон ирэх 1,2,3-р сард ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим хүйтэн, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй гэдгийг мэдээллээ. Мөн Улсын хэмжээнд 2025-2026 оны хөдөө аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай үнэлэгдсэн байна. Монгол Улсын шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил хангалттай хэмжээнд үнэлэгдсэн ч бүх шатанд анхаарлаа сулруулахгүй, болзошгүй хүндрэлийг тооцож ажиллах шаардлагатайг онцгойлон анхааруулж, 21 аймгийн Онцгой комисст тодорхой үүрэг чиглэл өглөө. Үргэлжлүүлэн аймгийн Онцгой комисс нөөцийн мах бэлтгэлийн талаар хуралдаж, мах бэлтгэлийн үйлдвэрүүдийн нөөцийн мэдээлэлтэй танилцлаа. Хурлын шийдвэрээр Онцгой комиссоос ажлын хэсэг гарч үйлдвэрүүдийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, маргааш /2025.12.12/ Онцгой комисст мэдээлэл хийхээр боллоо.