Ахлах ангийн сурагчдад санхүүгийн суурь мэдлэг олгох “Level Up” хөтөлбөр нийслэлийн 6 дүүрэг, 6 аймагт амжилттай хэрэгжлээ. Үүний нэг нь Ховд аймаг. Хөтөлбөрт Ховд аймгаас 8 сургуулийн 15 багш, ахлах ангийн 400 гаруй сурагч хамрагдаж сургалт үйл ажиллагаа, сошиал хөгжүүлэлт, энтертайнмент гэсэн гурван чиглэлээр санхүүгийн мэдлэгээ дээшлүүлжээ.
УИХ-ын даргын санаачилгаар Монгол банк, Боловсролын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац хамтран хэрэгжүүлсэн “LEVEL-UP” хөтөлбөрийн шагнал гардуулах хаалтын арга хэмжээ энэ сарын 20-ны өдөр боллоо.
Хаалтын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Монгол банкны Удирдлага, төлөвлөлтийн газрын захирал Ж.Батхуяг, Хадгаламжийн даатгалын корпорацын Нөхөн төлбөр, Эрсдэлийн удирдлагын газрын захирал Б.Амарбилэг болон бусад албаны төлөөлөл оролцов. Энэ үеэр аймгийн Засаг дарга М.Амарсанаа хөтөлбөрт амжилттай оролцож, санхүүгийн суурь мэдлэгтэй, санхүүгийн зохистой хэрэглээний дадал хэвшилтэй болсон багш, сурагчдад баяр хүргэв. Цаашид сайн боловсролтой Ховдын ирээдүйг бүтээх иргэд, сурагч багачуудаа бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээгээр Ховд аймгаас 6 багш, 2 сургууль, шилдгээр шалгарч, аймгийн дүнгээр “Манлайлагч аймаг” цомын эзэн боллоо.
Ховд аймаг: Сошиал хөгжүүлэлтээр нийт 122 контент, 14 рийл, 22 постер хийж давхардсан тоогоор 620 мянган хүнд санхүүгийн мэдлэг түгээх, сурталчлах нөлөөллийн ажил хийсэн Сурагч сурагчаасаа суралцъя" хичээл, банк санхүүгийн салбарын ажилтнуудтай уулзалт хэлэлцүүлгүүд, "Миний санхүүгийн хөтөч" шилдэг тэмдэглэл шалгаруулах уралдаан, эцэг эхчүүдэд зориулсан сургалт хэлэлцүүлэг, багш нарт “Мэтгэлцээний арга зүй”сургалт зэрэг олон талт үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан Сурагчдын санхүүгийн мэдлэг, харилцааны ур чадварууд сайжирсан, багш нар санхүүг чиглүүлэх арга зүйд хамтран суралцсан зэрэг үр дүнтэй онцлог ажлууд хийжээ.