no image
ХҮҮХДИЙН 50 ОРТОЙ ЭМНЭЛГИЙН ЗАСВАРЫГ МОТОБЛОК ХХК ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
2022-3-14
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
Цаг үеийн мэдээ
Хүүхдийн 50 ортой эмнэлгийн барилгыг Мотоблок компани барьж гүйцэтгэн 2020 оны 12 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгсөн. Хүүхдийн тасгийг нүүлгэж зориулалтаар нь ашиглаагүй байтал цар тахлын халдвар бүртгэгдэж өнгөрсөн хугацаанд тус эмнэлэгт ор дэлгэн “Ковид”-ын эмнэлэг болгон ашигласан юм. 2021 оны зуны борооноор тус эмнэлгийн подвалийн давхар луу үерийн ус орж тэр цагаас хойш тус барилгын чанарын асуудал олны шүүмжлэлийг дагуулсаар байгаа юм. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан захиалагч болон мэргэжлийн байгууллагаас дутуу, чанаргүй хийсэн ажлаа гүйцээж, сайжруулах шаардлага хүргүүлсэн. Гэвч тус эмнэлгийг "Ковид"-ын зориулатаар түр ашиглаж байсан учраас дахин засварлах шаардлагатай, дутуу ажлаа гүйцээх боломжгүй байсан. Сүүлийн үед коронавируст халдварын тохиолдол буурч БОЭТ тус эмнэлгийн хэвтэх хэсэг /хоёр, гурав, дөрвөн давхар/-ийг гуравдугаар сарын нэгнээс чөлөөлөн гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр засварын ажлаа эхлүүлжээ. Тодруулбал, бүх өрөөний хаалга, угаалтуур болон суултуурыг бүрэн харин дулааны шугамыг хэсэгчлэн сольж зарим өрөөний хана, таазыг засварлахаар ажиллаж байна. Засварын ажлыг хоёр сарын хугацаанд хийж дуусган тавдугаар сарын нэгэн гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Засварын ажлаас шалтгаалан иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн зарим тусламж үйлчилгээг тасалдуулахгүй байх зохицуулалтыг хийсэн гэж Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал П.Гэрэлсүрэн хэллээ.