.jpg&w=3840&q=100)
Зам тээврийн яамны болон аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн улсын ахлах байцаагч нар Ховд аймагт улс хоорондын ачаа, зорчигч, хот хооронд болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг холбогдох тогтоол шийдвэр, тушаал, удирдамж, төлөвлөгөөний дагуу хийлээ. Шалгалтад “Их” эрсдэлтэй үнэлэгдсэн улс хоорондын ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч “Алтайн даваа” ХХК, “Баянголын хүлгүүд” ХХК, “Булган гол транс” ХХК, “Бадамлах хөшөөт” ХХК, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч “Цастын хүлгүүд”” ХХК-ийн удирдлага, инженер техникийн ажилтан, жолооч нарыг хамруулжээ. Энэ үеэр холбогдох баримт бичгүүд, тээвэрлэлтийн гэрээ, боловсон хүчин /хүний нөөц/, авто зогсоол, техникийн үйлчилгээ засварын газар, авто тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангаагүй зэрэг зөрчил илэрсэн байна. Мөн өмнө нь өгсөн улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлага биелүүлээгүй учраас дээрх компаниудын тээвэрлэлтийн үйл ажиллагааг нь 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зогсоохоор болжээ. Үүнээс гадна Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, “Бат хөсөгтөн” ХХК орон нутгийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг эрхлэхдээ тусгай зөвшөөрөлгүйгээр явуулж байгаа зөрчил илэрсэн учраас 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тээвэрлэлтийн үйл ажиллагааг нь түр зогсоолоо. Учир нь: Автотээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэлийн нийтийн зорчигч тээвэр, таксины үйлчилгээг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.12-т заасан тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд эрхэлнэ.” гэсэн заалтыг зөрчсөн байна.