
Баруун бүсийн тулгуур төв Ховд аймаг нь байгалийн өвөрмөц тогтоц, олон ястны соёлын баялаг өвдөө тулгуурлан аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлээд буй. Энэ хүрээнд “Тогтвортой, стандарттай, соёлд суурилсан аялал жуулчлал"-ыг хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна. Уг бодлогын хүрээнд бүс нутгийн аялал жуулчлалын салбарыг эрчимжүүлэх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн удирдлагууд энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгуулж, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдтэй нь танилцлаа. Уулзалтын үеэр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэх, дэд бүтцийг сайжруулах боломжийн талаар талууд санал солилцов. Мөн оролцогчид байгальд ээлтэй амралтын цогцолбор байгуулах, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэл бүхий цогц төслүүдийг танилцуулж, салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах боломжуудыг онцлон санал дэвшүүлэв. Аймгийн удирдлагууд төрөөс бодлого болон дэд бүтцийн дэмжлэг үзүүлэхээс гадна хувийн хэвшлийн санаачилгыг бодит ажил болгоход хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн аялал жуулчлалын стратегийн ач холбогдол бүхий байршлуудад газар олголтыг оновчтой зохион байгуулах, дэд бүтэц, эрчим хүч, дулаан хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Цаашид аялал жуулчлалыг орон нутагт хөгжүүлэхэд салбарынхантай нягт хамтран ажиллах ба үр дүнд нь Ховд аймагт ирэх жуулчдын урсгал нэмэгдэж, орон нутгийн иргэдийн орлого нэмэгдэх, шинэ ажлын байр бий болох томоохон боломж бүрдэх юм. Ташрамд дурдахад, Ховд аймаг өнгөрсөн онд 54 мянга гаруй гадаад, дотоодын аялагч, жуулчин хүлээн авсан байна.