Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр 21 аймгийн удирдлагуудад Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд орон нутагт анхаарах асуудал, цаг үеийн ажлын мэдээлэл хийж, үүрэг чиглэл өгч, санал солилцох зорилгоор цахим хурал хийлээ.
Энэ үеэр ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле мал төллөлт, хаврын тариалалтын ажилд, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал ой хээрийн түймэр, шар усны үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарч ажиллахыг анхаарууллаа. Мөн хаврын цасан болон шороон шуурга, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан малчдыг бага насны хүүхдээ малд явуулахгүй байх талаар зөвлөмж хүргүүлж ажиллахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгов.
Цахим хурлын үеэр аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудлыг холбогдох албаны удирдлагуудад танилцууллаа.
Тухайлбал, малчдын хүсэлтийн дагуу эх болон төл малд өгөх 250 тонн тэжээлийг Улсын нөөцөөс хөнгөлөлттэй үнээр олгох, уулын бүсийн 3 сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн машиныг шийдвэрлэж өгөх, Ховд аймгийн нийт хүн амын 50 хувь нь буюу 40 гаруй мянган хүн амьдардаг Жаргалант сумын ЗДТГ-ын бүтэц, орон тоог нэмэгдүүлэх, сайн чанарын хүнсний ногооны үрийг хөнгөлөлттэй үнээр олгох зэрэг асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Аймгийн Засаг даргын албан хүсэлтүүдийг Засгийн газрын цахим хуралд оролцож буй албаны хүмүүс хүлээн авч, тавьсан асуудлуудыг шат дараатайгаар шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.