no image
Цэргийн ёслолын жагсаал болов
2025-7-18
noimage

Тулгар төрийн 2234, Их Монгол улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Эртний түүхт Ховд хот үүсэн байгуулагдсаны 340 жилийн ой, Ховд аймгийн баяр наадамд зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг аймгийн төв талбайд өнөөдөр /2025.7.09/ зохион байгууллаа. 



Цэргийн ёслолын жагсаалд аймаг орон нутгийн удирдлагууд, төр захиргааны байгууллагын удирдлага, албаны бусад болон ард иргэдийн төлөөлөл оролцов. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч, Ховд цэргийн хүрээний дарга, хурандаа Х.Энхболд ёслолын жагсаалыг командалж, Ховд цэргийн хүрээний анги салбарууд, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүн бүрэн жагслаа. 



Аймгийн Засаг дарга М.Амарсанаа арга хэмжээг нээж мэндчилгээ дэвшүүлснээр Монгол улсын төрийн дуулал эгшиглүүлэв. Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлж, өв соёл, түүх, ёс заншлаа сурталчлан таниулах, үр хойчдоо өвлүүлэн үлдээх, төрт ёс, түүхэн уламжлалаа хүндэтгэн дээдлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий энэхүү ёслолын жагсаалын үеэр төрийн болон салбарын шагнал хүртсэн нэр бүхий алба хаагчдад шагнал гардууллаа. Мөн нэр бүхий алба хаагчдад цэргийн цол олгов. Тухайлбал, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн ахлах офицер, хошууч Ж.Нямжаргалд албан тушаалын зэрэглэлийн дэд хурандаа цол Зэвсэгт хүчний хуурай замын командлагчийн тушаалаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Биатлоны захирагчийн нэгдүгээр орлогч, штабын захирагч, ахмад М.Мөнх-Учралд албан тушаалын зэрэглэлийн хошууч цол Цэргийн агаарын довтолгооноос хамгаалахын тагнуулын дарга, ахмад Б.Бадралд албан тушаалын зэрэглэлийн хошууч цол олгосныг аймаг орон нутгийн удирдлагууд гардуулж баяр хүргэв. 



Үүний дараагаар Ховд цэргийн хүрээний анги салбарууд, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын бие бүрэлдэхүүн ёслолын жагсаалаар алхаж цэргийн сүр жагсаалдаа байдгийг олон ястны өлгий Ховд нутгийн ард түмэндээ харууллаа. Түүнчлэн аймаг орон нутгийн удирдлагууд, төр захиргааны байгууллагын удирдлага, ард иргэдийн төлөөлөл Галдан бошгот хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.