Залуучуудын гарааны бизнесийг дэмжих “Стартап-2025” хөтөлбөрийн танилцуулга, шалгаруулалтыг зохион байгууллаа. “Стартап-2025” хөтөлбөрийн шалгаруулалтад: HyBrid тариалалт, Лок, Хос төв-2, Өв соёл аялал жуулчлал, Эпокси урлал, Metal Craft, Хиаг цай, Хос төв-1, Смүти, Ховд зохион бүтээгчдийн академи, Акустик урлал, Гал зуухны дагалдах хэрэгсэл, Гялгар уут дахин боловсруулах зэрэг 13 шинэ төсөл, бизнес санааг залуус танилцууллаа.
Энэ жилийн хувьд аймгийн ХХҮГ-аас Залуучуудын гарааны бизнесийг дэмжих төсөлд нийт 30 сая төгрөгийг 50 хувийг нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хоёр бизнес төсөлд олгож байгаа бол аймгийн Засаг даргын санаачилгаар Засаг даргын Тамгын газраас 20 сая төгрөгийн буцалтгүй санхүүгийн дэмжлэгийг мөн хоёр бизнес төсөлд олгохоор шийдвэрлэсэн. Шалгаруулалтын үр дүнд: “HyBrid тариалалт”, “Хиаг цай” төсөл шалгарч 15.0 сая төгрөгийн санхүүжилтийн эрх гардан авлаа. Харин “Гялгар уут дахин боловсруулах” төсөл, “Ховдын зохион бүтээгчдийн сургалтын төв” аймгийн ЗДТГ-аас олгож буй 10.0 сая төгрөгийн санхүүжилтийн эрхийг тус тус авлаа.
Энэ удаагийн арга хэмжээг: -Аймгийн Засаг даргын Тамгын газар, -Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар -”Стартап Монгол” ТББ уламжлалын дагуу хамтран зохион байгуулав. Орон нутгийн баялаг бүтээгчид, гарааны бизнесүүдийн санаачилга, чадавхыг нэмэгдүүлж, бизнес эрхлэх орчныг сайжруулах, инновац, энтрепренершипийг дэмжихийг зорилоо гэж зохион байгуулагчид онцолж байлаа.