no image
Ховд аймагт 16 дахь жилдээ өрнөж буй “Дээлтэй Монгол наадам”
2025-7-8
noimage

Ховд аймгийн баяр наадам өнөөдөр /2025.07.08/ “Дээлтэй Монгол-2025” үйл ажиллагаагаар эхэллээ. Тус үйл ажиллагаа нь монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинжийг сурталчлах, угсаатны дээл хувцас, эд хэрэглэлийг өдөр тутмын хэрэглээнд хэвшүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой юм. 



“Дээлтэй Монгол-2025” үйл ажиллагаа энэ жил гурван үе шаттай өрнөж байна. Тодруулбал, үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал Ховд аймгийн төв талбайд боллоо. Үүнд 50 орчим байгууллага хамт олон, сум, багийн иргэдийн төлөөлөл үндэсний хувцсаараа гоёж оролцов.
Мөн өв соёлоо эрхэмлэн дээдлэгч байгууллага, иргэдийн төлөөлөл “Флаш моб” бүжгийн үзүүлбэр сонирхууллаа. 



Үүний дараагаар үндэсний хувцсаар гоёсон дээлтэй гэр бүл, хамгийн сайхан угсаатны хувцастай оролцогчдыг шалгаруулах уралдаан зохион байгуулж байна. Дээрх уралдаанд 60 гаруй оролцогч бүртгүүлжээ. Түүнчлэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, оёдолчдын урлан бүтээх ур чадварыг хөгжүүлэх, шинэ хийц загварыг сурталчлах зорилго бүхий “Үндэсний дээл, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа” зохион байгуулж байна. 



Ховд аймгийн 17 суманд соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч, үндэсний хувцас урлаач 150 гаруй иргэн, аж ахуйн нэгж бий. Тэдний төлөөлөл болох 19 иргэн, аж ахуйн нэгж дээрх үзэсгэлэн худалдаанд оролцож, дээл хувцсыг язгуур хэв шинж болон орчин үеийн хэв шинж агуулсан байдлаар урласнаа иргэд олон нийтэд танилцуулав. 



“Дээлтэй Монгол – 2025” наадмын үйл ажиллагаанд аймаг, сум, албан байгууллагын удирдлагууд оролцож мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд Монгол хүнийг монгол гэж дэлхийд таниулах нэрийн хуудас болсон үндэсний хувцасны түүх, уламжлалт гоёл чимэг нь өв соёлын нэгэн хэсэг. Иймээс монгол хувцасны хэрэглээг нэмэгдүүлэхэд иргэдийн оролцоо чухал гэдгийг онцоллоо.



Ховд аймагт өдгөө захчин, дөрвөд, торгууд зэрэг 10 гаруй угсаатны бүлэг аж төрж байна. Эдгээр угсаатны хувцас нь өөр өөрийн дахин давтагдашгүй онцлог, бэлгэдлийг агуулж байдгаараа онцлогтой.