Хүлэг морьд нь хурдан, Хүүхдийн гийнгоо цээлхэн, Хүчит бөхчүүд нь бяртай, мэх нь уран Харваачид нь хараа хурц, оноо мэргэн Наадамчин олны сэтгэл тэнүүн, тэгш дүүрэн Холын цэнхэр Ховд нутгийн зон олон сайхан наадаж байна.
Энэ жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны зүүн талын тэргүүн магнайд Үенч сумын харьяат, аймгийн арслан Б.Батмөнх, баруун талын тэргүүн магнайд Чандмань сумын харьяат, Бүтээмж тауэр ХХК-ийн бөх, аймгийн хурц арслан У.Батцоож нараар манлайлуулсан аймаг, сумын цолтой, залуу бөхчүүд гээд 128 бөх зодоглож, уран мэхийг уралдуулж байна. Үүнээс аймгийн арслан 3, аймгийн заан 8, аймгийн харцага 4 , аймгийн начин 18, сумын заан 60, харцага, начин 12 бөх байна. Мөн өсвөрийн бөхийн барилдаанд 32 хүүхэд барилдаж байгаа юм. Өнөөдөр /2025.07.10/ бөхийн барилдааны 1,2,3,4 даваа явагдана.
Сурын харваанд Ховд аймгийн харваачдаас гадна Увс, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас нийт 300 орчим харваач оролцож цэц мэргэнээ сорьж байна. Тодруулбал, Урианхай сурын харваанд 90 гаруй, үндэсний сурын харваанд 160 гаруй, өсвөрийн сурын харваанд 40 гаруй харваачид оролцож байгаа юм.
Харин Шагайн харваанд Ховд аймгаас 10, Өвөрхангай, Баянхонгор, Увс, Говь-Алтай аймгаас тус бүр нэг, нийт 14 багийн 120 гаруй харваач оролцож байгаа бөгөөд Улсын мэргэн нэг, аймгийн гоц мэргэн 40 гаруй байна. Мөн наадмын эхний өдөр азарга, соёолон, хязаалан, насны болон жороо морьдын уралдаан морь барианы газарт боллоо.