no image
ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2019-6-26
noimage
Цаг үеийн мэдээ
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсонтой холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан, Ц.Цогзолмаа нар 6-р сарын 24-ний өдөр иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулан, санал авах хэлэлцүүлэг зохион байгууллаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай  байдлыг хангах, шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох гэсэн 4 багц асуудлаар 20 зүйлд өөрчлөлт оруулахаар боловсруулжээ. Өөрөөр хэлбэл тус хуулийн 28,5%-д нэмэлт, өөрчлөлт оруулах юм. Үүнээс 2000 онд оруулсан 7 нэмэлт өөрчлөлтийн 1-ийг нь уг эхээр нь сэргээн сольж, 5-ыг нь өөрчлөн сайжруулахаар тусгасан бөгөөд УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулах, УИХ-ын гишүүн өөр ажил, албан тушаал хавсрахыг хориглох, УИХ-ын хяналт шалгалт, хариуцлагыг дээшлүүлэх, зөвхөн чиг үүргийн яамдуудын сайд нар УИХ-ын гишүүний давхар албан тушаалтай байх, Төрийн албаны зарчмыг тодорхойлох, улс төрийн шалтгаанаар төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглох, шатлан дэвших, чадахуйн (мерит) зарчимд суурилсан хариуцлагатай томилгоог бий болгох зэрэг заалтуудыг төсөлд тусгасан байна. Нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ховд аймгийн иргэдээс санал авах анхдугаар хэлэлцүүлэгт Жаргалант сумын 500 гаруй иргэн оролцож, санал хүсэлтээ илэрхийлсэн юм. Тухайлбал, Нутгийн удирдлагын хуультай болох, сум, багийн Засаг дарга нарыг улс төрийн бус төрийн албан хаагч болгох, газрын доорх баялагийг төрийн мэдэлд бус ард түмний мэдэлд байлгах, аж үйлдвэрийн бодлого хариуцсан яамтай болох,  намын тогтолцоо, сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг заалтуудыг хуулийн төсөлд тусгах санал уламжиллаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 7-р сарын 1-ний өдрийн 12 цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхэлнэ.