no image
"Монгол хөөмийн урлаг" Эрдэм шинжилгээний бага хурал эхэллээ
2025-8-19
noimage

Монгол Хөөмийн уламжлалт урын санг сурвалжлан илрүүлэх, судлан сурталчлах, өвлүүлэн хөгжүүлэх, хадгалан хамгаалах, билэг авьяастныг тодруулж алдаршуулах, хөөмийчдийн ур чадварыг нэмэгдүүлж олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор "Олон улсын хөөмийн VI наадам"-ыг энэ сарын 02-04-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Хөтөлбөрийн дагуу өнөөдөр /2025.08.02/ “Монгол хөөмийн урлаг” эрдэм шинжилгээний бага хурал эхэллээ. 



Аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Хөөмийн наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч М.Баярт тус хурлыг нээж үг хэллээ. Мөн Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хүндэт профессор, судлаач, удирдаач А.Цэдэн-иш хуралд оролцогчид болон зохион байгуулагчдад баяр хүргэж үг хэлэв. 



Энэ үеэр аймгийн ХДТ-ын уран бүтээлчид дуу хуурынхаа дээжээс өргөн барилаа. “Монгол хөөмийн урлаг” Эрдэм шинжилгээний бага хуралд манай улсаас гадна ОХУ, Тува, БНХАУ-ын ШУӨЗорон, Өвөрмонголын ӨЗОрны 10 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож илтгэлээ танилцуулж байна. 



СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэн, Соёл судлалын секторын эрхлэгч, доктор Э.Дүүриймаа “Монгол хөөмий судлал дахь соёлын онол, арга зүйн зарим асуудал” сэдвээр, СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэн, Урлаг судлалын секторын эрхлэгч, судлаач М.Амаржаргал “Монгол хөөмийн урын сангийн хөгжилд Чандманьчуудын оруулсан хувь нэмэр” сэдвээр үндсэн хоёр илтгэлийг тус тус хэлэлцүүлэв. Хурлаар хэлэлцүүлсэн илтгэлийг ном товхимол болгон хэвлүүлж хөөмийн урлагийг сонирхон судалж буй эрдэмтэд, залуу үеийнхэнд гарын авлага болгох, соёлын өвд архив болгон хадгалах, олон нийтэд сурталчлахад чиглүүлнэ гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. “Монгол хөөмийн урлаг” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр /2025.08.02/ өндөрлөнө.