no image
Ховд аймгийн Үенч сумын Жаргалан багийн малчин Х.Бөрбай Монгол Улсын Хошой аварга малчин цол хүртлээ
2021-6-12
noimage
Хөдөө аж ахуй
Ховд аймаг 8000 гаруй малчин өрхтэй. Тэдгээрээс 60 гаруй малчин мал маллах арга туршлага, хөдөлмөр зүтгэлээ аймагтаа үнэлүүлж “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ”- өөр шалгарсан бол 9 малчин “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” цол хүртсэн. Харин нэг малчин “МОНГОЛ УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН” цол хүртсэн юм. Тэр хүн бол Үенч сумын Жаргалан багийн малчин Хинатын Бөрбай гуай. Хошой аваргын хүндтэй шагналыг аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Батсуурийн Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг гэрт нь очиж гардуулан өгч баяр хүргэлээ. Бөрбай гуай айлын ганц хүү, өдгөө 50 нас хүрч байгаа. Тэрбээр хүүхэд ахуй наснаасаа эхлэн аавыгаа дагаж мал малласан, тэр цагаас хойш өдий хүртэл өгөөж сайхан нутагтаа мал сүргээ адгуулсаар явна. Бөрбай гуайн аав Хинат нь нэгдэл нийгмийн үед мал маллаж, аймгийн Хошой аварга малчинаар шалгарч байсан туршлагатай малчин байжээ. Аавынхаа тэрхүү малч ухааныг өвлөж бас залуу хойч үедээ өвлүүлэн 10-аад хүнийг малжуулсан гэлээ. Х.Бөрбай аваргынх Үенч сумын Жаргалан багийн нутаг "СУВАРГА" гэх газар нутаглаж байна. Тэрбээр 1300 орчим толгой мал тоолуулж "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН" цол хүртэж байсан бол 2015 онд 2500 гаруй толгой мал тоолуулж "УЛСЫН АВАРГА" харин энэ онд "УЛСЫН ХОШОЙ АВАРГА" болохдоо 3000 гаруй толгой мал тоолуулжээ. Эднийх 5 хошуу мал малладаг нийт малын ихэнхийг хонин сүрэг эзэлдэг байна.