Монголын дугуйн спортын 2025 оны хамгийн том сорилго, хамгийн олон өдөр, хамгийн хол зайд тамирчдын бэлтгэл, тэсвэр тэвчээр, шандсыг сорих “Tour of Mongolia 2025” дугуйн олон өдрийн уралдаан үргэлжилж байна. 26 дахь жилдээ болж буй уралдааныг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор Монголын дугуйн холбооноос зохион байгуулж байгаа юм. Тамирчид энэ сарын 12-ны өдөр Говь-алтай аймгаас гарч 450 орчим км замыг дугуйгаар туулан өнөөдөр /2025.08.14/ Ховд аймагт орж ирлээ.
Энэ удаагийн арга хэмжээ орон нутагт дугуйн спортыг хөгжүүлэхэд чухал ач холбогдлоо өгнө гэж зохион байгуулагчид үзэж байна. Ялангуяа Ховд аймаг зам, дэд бүтэц сайтай учраас энэ спортыг хөгжүүлэх, улсын болон Олон улсын тэмцээн уралдаан явуулах бүрэн боломжтойг хэлж байлаа. УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулж буй уралдааны үеэр аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “ДУГУЙН ӨДӨРЛӨГ” зохион байгуулж хүүхэд багачуудын дунд дугуйн уралдаан явууллаа.
Нас насны ангиллын төрөлд 300 орчим хүүхэд багачууд хамрагдсан уралдаанд амжилттай оролцсон тамирчдын шагналыг УИХ-ын дарга М.Амарбаясгалан, аймгийн Засаг дарга М.Амарсанаа нар гардуулж баяр хүргэв. Мөн дугуйтай үзүүлбэр толилуулж иргэд, олон нийтэд дугуйн спортыг сурталчиллаа. Монголын шилдэг багуудын, хамгийн шилдэг дугуйчид энэ удаагийн уралдаанд оролцож байна. Тамирчид энэ сарын 16-нд Увс аймгийн төв Улаангом хотод, 21-нд Завхан аймгийн төв Улиастай хотод болох сүүлийн гарааны дараа аваргуудаа тодруулна.