no image
“Power China” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзав
2025-12-1
noimage

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа албаны төлөөллийн хамтаар Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж буй “Power China” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад төслийн ерөнхий менежер Xu Shenfei, төслийн хэрэгжүүлэх нэгжийн ерөнхий инженер Ж.Лувсандандар, инженер, техникийн ажилтнууд, аймгийн ХХҮГ-ын төлөөлөл оролцов. Усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил 2030 он хүртэл үргэлжлэх ба энэ оны 6-р сараас барилга угсралтын ажлыг эхлүүлээд буй. Барилгын бэлтгэл ажлын хүрээнд төв кемп, хавцлын дундах кемпийн талбай, бараа материалын агуулах, гаалийн хяналтын бүс зэрэг 2025 оны ажлын төлөвлөгөөний дагуух ажлуудыг бүрэн гүйцэтгэж, ус зайлуулан урсгах туннел, үндсэн туннелийн ажлуудыг эхлүүлсэн талаар төслийн хэрэгжүүлэгч тал энэ үеэр мэдээллээ. Төслийн хүрээнд энэ онд Ховд, Баян-Өлгий аймгаас 350 орчим иргэн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Жил жилийн ажлын төлөвлөгөөтэй уялдуулан ажиллах хүчний тоог баталж, орон нутгаас авах ба цаашид ажилчдын тоо нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Иймээс уулзалтын үеэр монгол ажилчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, нийгмийн хамгааллыг хангах, хөдөлмөрийн тухай хуулийг чанд мөрдөж ажиллах асуудлаар санал солилцов. Үүний үр дүнд: Ирэх онд орон нутгаас ажиллах 200 туслах ажилчдын нийгмийн асуудал, цалин хөлс, амралтын хуваарийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх, Ажилчдын асуудлыг хариуцаж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах зохион байгуулалт хийх Хүнсний хангамж, нийлүүлэлтийн ажлыг орон нутгийн аж ахуйн нэгжүүдээс тендерийн журмаар сонгон шалгаруулж гүйцэтгэхээр болов.