
Монгол улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож буй. Ховд аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар түүхт баярын арга хэмжээг энэ өдрүүдэд /2025.09.23-25-ны өдрүүдэд тэмдэглэж байна.

Өнөөдөр /2025.09.24/ аймгийн төв талбайд "Хүүхэд-Хайр-Ирээдүй" баярын нээлтийн арга хэмжээг зохион байгуулав. Арга хэмжээнд Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Амарсанаа оролцож баяр хүргэлээ.

Мөн аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр, ХГБХХГ-ын дарга О.Мандалсүрэн болон үе үеийн удирдлагууд, тус байгууллагад ажиллаж байсан ахмадууд, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөллүүд, "Хүүхдийн ордон"-оос төрөн гарсан урлаг соёлын авьяастнууд, авьяаслаг сурагчид, хүүхэд, өсвөр үеийнхний төлөөлөл оролцов. Энэ үеэр аймгийн Засаг дарга М.Амарсанаа 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсрол тэр дундаа "хүүхэд"-рүү чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнээс онцолбол: Хүүхдийн Баянбулаг зусланг "Баруун бүсийн хүүхдийн зуслан" болгон өргөжүүлэхээр төлөвлөөд байна гэдгийг онцлон тэмдэглэв.

