.jpg&w=3840&q=100)

VII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгийн Улсын Тэргүүний Зэрэг сумын Бургасан багийн малчин Дүгэржавын Амарзаяа, гэргий Долгорын Тунгалагцэцэг нар “Монгол Улсын аварга малчин” цол хүртэж, шагналаа гардан авлаа. Улсын аварга малчны шагналыг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Э.Болормаа нар гардууллаа. Мөн аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч М.Баярт, сумын удирдлагуудын хамтаар хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ. Эрдэнэт мал сүргээ таван төрлөөр нь өсгөн үржүүлж, үүлдэр угсаа, ашиг шимийг нь сайжруулан малч ухаан, туршлагаараа манлайлан ажиллаж, Монголын уламжлалт мал аж ахуй нүүдэлчин соёлоо өвлөн тээж яваа эрхэм аваргын гэр бүлд сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.
