
Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал /2024-2050/-ын холбогдох зүйл заалт, Ховд аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Ховд хотод бүсийн тээвэр логистикийн төв байгуулах, Ховд аймгийн нисэх буудлыг 4С ангиллын болгон өргөтгөх зэрэг бодлогын зорилтуудыг дэвшүүлсэн байдаг. Энэ хүрээнд аймгийн ЗДТГ, ИТХ, Ховд аймгийн Шинжлэх ухаан, технологи, инновацийн дэд зөвлөлөөс салбарын бусад байгууллагуудтай хамтран “Ховд аймаг нь олон улсын тээвэр логистикийн төв болох нь” сэдэвт судалгаанд суурилсан бодлого тодорхойлох оролцогч талуудын хамтарсан эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2025.10.27/ зохион байгууллаа.
Тус хуралд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг дарга М.Амарсанаа тэргүүтэй аймаг орон нутгийн удирдлагууд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, холбогдох төрийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцон, бүс орон нутгийн түвшний бодлого, арга хэмжээг аймаг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, боломжийн талаар хэлэлцлээ.
Эрдэм шинжилгээний хурлаар Ховд аймагт баригдаж буй зам, тээвэр, логистиктой холбоотой бодлого, төлөвлөлтийн асуудал, Новосибирск-Ховд-Үрэмч чиглэлийн тээврийн дэд бүтцийн тэнхлэг ба Нийгэм, эдийн засгийн нөхцөл, Дэлхийн геополитик, Баруун бүсийн тээвэр, логистикийн нөхцөл байдлын суурь судалгаа, шинжилгээ, Олон улсын хуурай боомтын хөгжлийн туршлага ба Монгол улсын баруун бүсийн зарим боомтын нөхцөл байдал (Булган, Цагааннуур боомтын жишээн дээр) Булган, Байтаг боомтын өнөөгийн нөхцөл байдал, төлөвлөлт Булган, Байтаг боомтын эдийн засгийн төрөлжилт, бүс орон нутгийн хөгжилд гүйцэтгэх үүрэг зэрэг сэдвүүдээр эрдэмтэн судлаачид өөрсдийн судалгааны үр дүнг танилцуулав. Мөн хурлын үеэр бүсчилсэн хөгжил, тээврийн дэд бүтцийн тэнхлэг, тээвэр логистикийн хөгжилд холбоотой бүс, орон нутгийн зөвлөмжийг танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн нь онцлог байлаа.
Ингэснээр аймаг орон нутгийн түвшинд тээвэр-логистикийн хөгжлийн төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, оролцогч талууд нэгдсэн ойлголтод хүрэх, эрдэмтэн судлаачид, оролцогч талуудын саналыг тусган цаашдын хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн шийдлийг гаргаснаараа ач холбогдолтой.
Тухайлбал, Ховд аймагт тээвэр логистикийн 5 төвийг байгуулахаар төлөвлөж буй. Бүсийн тээвэр логистикийн төвийг Ховд хотод байгуулах бол Булган, Эрдэнэбүрэн, Манхан, Дарви сумдад орон нутгийн хөгжлийн тээвэр логистикийн төвийг тус тус байгуулах аж. Мөн 4С онгоцны буудал, агаарын хилийн боомтыг байгуулах ба ингэснээр Ховд аймаг нь авто зам, агаарын зам хосолсон тээвэр логистикийн төвтэй болох юм.