

Эх орныхоо дэлгэр сайхан нутагт эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн малч ухаан, туршлагаараа манлайлж буй Ховд аймгийн есөн малчин өрх энэ жил МҮОНР-ийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит, 48 дахь удаагийн “Алтан төлийн эзэн”-ээр тодорчээ. Үүнээс хоёр нь Цэцэг сумын малчид юм. Сар шинийн босгон дээр “Алтан төлийн эзэн” болсон ажилсаг хичээнгүй малчид шагналаа гардан авлаа. Тодруулбал, Цэцэг сумын Хажинга багийн малчин Цогоогийн Нямдорж, гэргий Лодонгийн Ариунаа нар үхэр сүргийг түлхүү өсгөн үржүүлж, төл малаа бүрэн бойжуулсан амжилтаар “Алтан тугал” шагналын эзэн болж байна. Эднийх малынхаа тоонд бус чанарт анхаарч, тодорхой хувийг зах зээлд нийлүүлсэн бөгөөд сүүлийн гурван жилд сумынхаа 3-5 өрхийг малжуулжээ. Мөн малынхаа үүлдэр угсаа, сүргийн бүтцийг сайжруулахад онцгой анхаарч, хоёр туслах малчныг ажлын байраар хангаж байна. Цэцэг сумын Хажинга баг 80 орчим малчин өрх, 30 мянга гаруй толгой малтай. Малчин Ц.Нямдоржийнх сүүлийн гурван жил дараалан хамгийн олон үхэр тоолуулж, үхэр сүргийнхээ тоо толгойгоор багтаа тэргүүлж байна. Мөн тэрбээр багийнхаа түүхэнд анх удаа “Алтан тугал”-ны эзэн болж байгаагаараа онцлогтой. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд мал маллахдаа бэлчээрийн зохистой ашиглалтыг чухалчлахын зэрэгцээ малын гаралтай түүхий эд, сүү, цагаан идээгээ боловсруулж, зах зээлд нийлүүлэн өрхийн орлогоо нэмэгдүүлжээ. Ийнхүү өвөг дээдсээс уламжилсан малч ухаан, арга туршлагыг түгээн дэлгэрүүлж яваа “Алтан тугал”-ны эзэн Ц.Нямдорж, гэргий Л.Ариунаа нарын шагналыг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Сандагсүрэн, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы бие төлөөлөгч Т.Заяа тэргүүтэй ажлын баг, сум орон нутгийн удирдах ажилтнууд гардуулан өгч, баяр хүргэлээ.