no image
Ховд аймгийн ОБГ 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа хийв
2026-1-7
noimage
Цаг үеийн мэдээ

Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газар нь 2025 оны үйл ажиллагаагаа дүгнэж, ирэх жилийн ажлын зорилтоо тодорхойлсон тайлангийн хурлаа зохион байгууллаа. Тус хуралд газрын дарга, дэд хурандаа Г.Нэргүй, аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр Ховд аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд, мөн газрын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр оролцов. Энэ үеэр дэд хурандаа Г.Нэргүй 2025 онд дэвшүүлсэн зорилго, түүний хэрэгжилтийн талаар танилцуулга мэдээлэл хийсэн юм. Хуулиар хүлээсэн үүргийн дагуу улиран одож буй 2025 онд Ховд аймгийн Онцгой байдлын газар нь гал түймэр, гамшиг ослын 106 дуудлагаар 1080 алба хаагч үүрэг гүйцэтгэж нийт 310 иргэний амь нас, албан байгууллага аж ахуй нэгж, ард иргэдийн 9.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Энэ нь 2024 оны гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоон мэдээлэлтэй харьцуулахад 18%-иар буурсан үзүүлэлт юм. Мөн хурлын үеэр хамт олноо манлайлж ажилласан оны шилдэг ажилтан, албан хаагчдад Онцгой байдлын албаны төлөө II зэргийн тэмдэг, Онцгой байдлын ерөнхий газрын даргын “Жуух бичиг”, Онцгой байдлын газрын даргын “Өргөмжлөл”-ийг гардуулж, олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчийн цолыг нэмлээ. Онцолбол, “Шилдэг гал сөнөөгч”-өөр ГТУА-48 дугаар ангийн Аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Отгонбаяр “Шилдэг аврагч гал сөнөөгч”-өөр ГТУА-48 дугаар ангийн Аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Болдбаатар “Шилдэг жолооч”-оор ГТУА-48 дугаар ангийн ГУАМ-ны жолооч, ахлах ахлагч Н.Мөнгөнхүү ЭХАА-аврагч-жолооч холбоочин, ахлах ахлагч Л.Энхманлай “Шилдэг аврагч”-аар ЭХАА-ийн аврагч, ахлах ахлагч Г.Булгаа “Шилдэг холбоочин”-оор ШУЗМТ-ийн Дуудлга хүлээн авагч, дэд ахлагч О.Учрал “Шилдэг салаа, бүлгийн дарга”-аар ГТУА-48 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Ч.Энхболд “Шилдэг мэргэжилтэн”-ээр Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад А.Оюунжаргал “Шилдэг үйлчилгээний ажилтан”-аар нярав, ахлах ахлагч О.Уянга “Шилдэг офицер”-оор Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Д.Энхбаатар “Шилдэг бүтээлч алба хаагч”-аар ГТУА-48 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Д.Хангарьд “Байгууллагын аварга”-аар ГТУА-48 дугаар ангийн ГУАМ-ны жолооч ахлах ахлагч Э.Эрдэнэбат шалгарлаа.