no image
ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр Хүний гавьяат эмч хүртлээ
2021-5-13
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Цэрэндоржийн Чинбаярт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хүний гавьяат эмч цол олголоо.
Ц.Чинбаяр нь КОВИД-19-ийн халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэх багийг ахлан ажиллаж байгаа юм.
Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, сувилагч, ажилтнуудад Төрийн дээд одон, медаль гардуулж байна.
Тэрбээр "Цар тахлын хүнд цаг үед та бүхэн бие сэтгэл, ур чадвар, эрдэм оюунаа нийгмийн эрүүл энх, сайн сайхныг тогтоон барих, халдварыг дарах, хумих нэн хүчир ажлыг амжуулж, бэрхийг даван туулж байгааг Монголын ард түмэн харж мэдэрч, дэмжиж байгаа. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, хэрээс хэтэрсэн хүнд ажлыг даван туулсныг тань үнэлж, эх орон, ард түмэндээ тууштай зүтгэснийг тань өргөмжлөн хүндэтгэх үүргээ миний бие гүйцэтгэж, зарим эмч, сувилагч нарт Төрийн дээд одон, медаль, цол шагнах тухай зарлигийг буулгалаа. 
 
Цах тахлын хүнд нөхцөл мятрашгүй их зориг гарган манлайлан зүтгэгсдийн төлөөлөл болгож, ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах тасгийн их эмч Ц.Чинбаяр, Вирус судлалын лабораторийн эрхлэгч Б.Дармаа, ЗӨСҮТ-ийн дарга Н.Цогбадрах нарт Монгол Улсын Хүний гавьяат эмч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээж байна. Монголчууд, Монголын нийт иргэдийн нэрийн өмнөөс та бүхэнд онцгойлон талархал дэвшүүлье" гэв.
Эмч Ц.Чинбаяр сэтгэгдлээ хуваалцахдаа "Зуны тэргүүн сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр Монгол Улсын Хүний гавьяат эмч хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэндээ маш их баярлаж байна. Төрүүлж өсгөсөн хайрт аав, ээждээ, эрдэм номд сургаж, эмч хэмээх сайхан мэргэжлийг эзэмшүүлсэн үе үеийн эрдэмтэн багш профессорууддаа болон хөдөлмөрийн гараагаа эхэлсэн цагаас минь эхлэн өлгийдөн авч, өдийг хүргэсэн ХӨСҮТ-ийнхөө нийт хамт олондоо маш их баярлалаа. 
 
Би 1997 онд Анагаах ухааны их сургуулийн эмчилгээний ангийг төгсөж, ХӨСҮТ-д ажил амьдралынхаа гарааг эхэлсэн. 23 дахь жилдээ энэ хамт олныхоо дунд үе үеийн ахмад эмч нарынхаа хайр ивээл дор өдийг хүртэл ажилласан" хэмээлээ.

ЭХ СУРВАЛЖ:IKON.MN