no image
МЯНГАД СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД 300 ГАРУЙ ЗАЛУУ ОРОЛЦЛОО
2019-5-27
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
  Нийгмийн хөгжилд хөдөөгийн сумын залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын холбооны үйл ажиллагаагаар дамжуулан хамтын ажиллагааг сайжруулж, шинэ санал санаачилга гарган хамтдаа хөгжих зорилгоор “Мянгад сумын залуучуудын холбоо”-ноос сумынхаа 25-40 насны залуучуудын 2019 оны чуулга уулзалтыг 5-р сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгууллаа. Чуулга уулзалтад тус сумын мал аж ахуйн Баянбулаг, Гахайт, Чацарганат, Цагаанбулан баг болон сумын төвийн Баянхошуу баг зэрэг нийтдээ 5 багийн 300 гаруй залуу оролцсон юм.
Чуулганы эхний өдөр чуулганд оролцогч залууст зориулан шинэ соргог мэдээ мэдээлэл өгөх, тэдний санаа бодлыг сонсох сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав аймаг орон нутгийн цаг үеийн ажил, бүтээн байгуулалт болон залуучуудад чиглэсэн төрийн бодлого, урлаг, спорт, боловсрол зэрэг нийгмийн бүхий л салбарт хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулж, сум, аймаг орон нутгийнхаа хөгжилд оруулах залуучуудын хувь нэмэр, оролцооны талаар харилцан ярилцлаа. 5-р сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулсан чуулга уулзалтын үеэр залуучуудын дунд урлагийн 3 төрлийн, спортын 5 төрлийн уралдаан тэмцээн, сумын начин болон сумын залуу 32 бөхийн барилдаан зохион байгууллаа. Барилдаанд Дөргөн сумын залуу бөх н.Мөнхзул түрүүлж, Чандмань сумын сумын начин н.Лхагвадож үзүүрлэн, Мянгад сумын залуу бөх н.Төрболд, Дөргөн сумын сумын начин н.Очир нар шөвгөрсөн юм. Мянгад сумын залуучуудын чуулга уулзалтыг тохиолдуулан зохион байгуулсан бас нэгэн томоохон арга хэмжээ нь 1991 оны төгсөгчдийн зохион байгуулсан аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын нэрэмжит “Гар бөмбөг”-ийн тэмцээн байлаа. Уг тэмцээнд нийтдээ 30 багийн 200 гаруй тамирчид ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байранд Д.Уламбаяр ахлагчтай “Мянгадууд” баг, 2-р байранд О.Батцацрал ахлагчтай “Баянхошуу” баг, 3-р байранд Н.Мөнхбат ахлагчтай Мянгад сумын Ерөнхий боловролын сургуулийн баг тамирчид шалгарч шагналаа гардан авлаа. Харин гар бөмбөгийн тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Я.Амаржаргал ахлагчтай “Эрч хүч” багийн тамирчид түрүүлж, 2-р байранд Б.Баяндалай ахлагчтай 2007 оны төгсөгчдийн баг, 3-р байранд Б.Энхцэцэг ахлагчтай оюутнуудын баг шалгарсан юм. Үүнээс гадна тус тэмцээнд шагналт байранд шалгарсан баг тамирчдын дундаас шилдэг эрэгтэй тоглогчоор “Мянгадууд” багийн тамирчин Лхагвасүрэнгийн Ганбаатар, шилдэг эмэгтэй тоглогчоор 2007 оны төгсөгчдийн багийн тамирчин Баянжаргалын Баяндалай тодорч, шилдэг тамирчны цомоо гардан авлаа.