no image
Баяр наадмын шагайн харваанд 14 багийн 120 гаруй харваач оролцов
2025-7-18
noimage

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жил, Эртний түүхт Ховд хот үүсэн байгуулагдсаны 340 жилийн ой, Ховд аймгийн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Баяр наадмын шагайн харвааны тэмцээнд 14 багийн 120 гаруй харваачид оролцож онч мэргэнээ сорив. Харваачид Үндэсний шагайн харвааны багийн болон хувийн цуваа харваа гэсэн хоёр төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулав. Багийн төрөлд: Тэргүүн байрт Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат Монгол улсын мэргэн М.Адьяабазар ахлагчтай “Хантайшир” баг Дэд байрт Ховд аймгийн Дуут сумын харьяат аймгийн гоц мэргэн Ц.Пүрэвхүү ахлагчтай “Шонхрууд” баг Гуравдугаар байрт Ховд аймгийн Дуу сумын харьяат аймгийн гоц мэргэн Б.Мөнгөншагай ахлагчтай “Оч” баг шалгарлаа. 



Хувийн цуваа харвааны төрөлд: Тэргүүн байрт Ховд аймгийн Манхан сумын харьяат, Хос алтай багийн харваач аймгийн гоц мэргэн Г.Тэмүүлэн Дэд байрт Ховд аймгийн Мянгад сумын харьяат, залуу харваач Н.Даваадалай Гуравдугаар байрт Ховд аймгийн Манхан сумын харьяат аймгийн гоц мэргэн Д.Давхарбаяр Дөрөвдүгээр байрт Ховд аймгийн Манхан сумын харьяат залуу харваач Ж.Отгонбаатар Тавдугаар байрт Ховд аймгийн Мянгад сумын харьяат залуу харваач С.Амартүвшин нар тус тус шалгарав. Шагайн харвааны төрөл тус бүрд амжилт гаргасан харваачдад аймаг, орон нутгийн удирдлагууд шагнал гардуулж баяр хүргэлээ.