no image
Халзанбүрэгтэйн сонсгол болохтой холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярбаатар Ховд аймагт ажиллав
2025-9-9
noimage

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн 6-р сард Ховд аймагт ажиллах үеэрээ Халзанбүрэгтэй ууланд газрын ховор элемент олборлох төсөлтэй холбогдуулан Мянгад сумын иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонсон, дараах шийдвэрийг гаргаж байсан. Үүнд: Засгийн газрын эцсийн шийдвэр гарах хүртэл уул уурхайн ямар ч үйл ажиллагаа Халзанбүрэгтэйд хэрэгжихгүй болохыг мэдэгдэж, Халзанбүрэгтэй төслийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол явуулахаар шийдвэрлэсэн юм. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн хаврын УИХ-ын нэгдсэн чуулганаар Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчны байнгын хорооны хамтарсан хурал болж, Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт орших Халзанбүрэгтэй ордтой холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Тухайн сонсголыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ахалж ажиллах ба сонсгол 2025 оны 09-р сарын 23-ны өдөр болно. 



Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хүрээнд Халзанбүрэгтэй ордтой холбоотой аймаг орон нутгийн удирдлагууд болон төрийн байгууллагууд өнгөрсөн хугацаанд орон нутгийн түвшинд хамтарч ажилласан нөхцөл байдал, хийж хэрэгжүүлсэн ажил, судалгааны ажилтай танилцах зорилгоор УИХ-ын гишүүн Б.Баярбаатараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 7-9-ний өдрүүдэд Ховд аймагт ажиллав. Албан томилолтынхоо хүрээнд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Засаг даргын орлогч Л.Энхбаяр болон холбогдох төрийн байгууллагын дарга мэргэжилтнүүдийг оролцуулсан уулзалт хийлээ. 



Уулзалтаар: Халзанбүрэгтэй төслийн хайгуулын төлөвлөгөө Халзанбүрэгтэй төслийн хайгуулын үйл ажиллагаанд 2023-2024 онд байгаль орчны хяналтын чиглэлээр хийгдсэн ажил, тайлан Мал эмнэлгийн газарт бүртгэгдсэн ургийн гажигтай төл малын мэдээлэл Ашигт малтмал, газрын тосны баруун бүсийн төлөөлөгчийн газраас Халзанбүрэгтэй төсөлтэй холбоотой хяналтын чиглэлээр хийгдсэн ажлын тайлан Орон нутгийн зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ зэрэг асуудлаар холбогдох төрийн байгууллагаас мэдээлэл хүргэв. 

 

 

Үргэлжлүүлэн ажлын хэсэг аймгийн удирдлагууд болон төрийн байгууллагын төлөөллийн хамт Мянгад суманд ажиллав. Энэ үеэр төслийн талбайн орчин нөхцөлтэй танилцаж, Мянгад сумын удирдлага, нутгийн иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Ажлын хэсэг энэ удаагийн орон нутагт ажилласан ажлын үр дүнг нэгтгэж, дүгнэлтээ Ерөнхий хяналтын сонсголоор танилцуулах аж.