no image
Ховд аймгийн Барилгачдын зөвлөгөөн 2026 уулзалт хэлэлцүүлэг
2026-4-17
noimage
Цаг үеийн мэдээ

Ховд аймгийн Барилгачдын зөвлөгөөн 2026 уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр /2025.04.08/ болж байна. Тус зөвлөгөөнөөр барилгын салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, хамтын оролцоонд тулгуурлан цаашдын хөгжлийн чиг хандлага, шийдлийг тодорхойлохыг зорьж байгаа юм. Ховд аймгийн хэмжээнд барилга угсралт болон барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр 400 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрт 1200 гаруй инженер техникийн ажилтнууд ажиллаж байна гэсэн судалгаа бий. Зөвлөгөөнд дээрх салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлага, инженер техникийн ажилтнууд, ахмад барилгачдын төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцож байна. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр оролцож, 2026 онд аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл өглөө. Мөн зөвлөгөөнөөс салбарын өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх дэвшилтэт санал санаачилгууд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, оролцогчдод амжилт хүслээ. Зөвлөгөөний үеэр Хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө Захиалагчийн хяналт Инженерийн дэд бүтэц Барилгын материал үйлдвэрлэл зэрэг найман сэдвээр холбогдох албаны төлөөллүүд илтгэл тавьж, салбарын хөгжлийн гарц шийдлийг тодорхойлох чиглэлээр оролцогчидтой санал солилцон тэдний байр суурийг сонсож байна. Энэхүү зөвлөгөөнийг аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй. Энэ онд аймгийн хэмжээнд улсын болон орон нутгийн төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 134 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 35, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 78 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа бол хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 21 аж ахуйн нэгжийн 650 айлын орон сууцны барилга , үйлчилгээний төвийн барилга байгууламжийн угсралтын ажил хийгдэж байна. Эдгээр төсөл арга хэмжээнд аймгийн ГХБХБГазраас захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлж байна.