Өнөөдөр /2025.06.1/ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Эх үрсийн баяр”-ын өдөр. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Ховд аймаг энэ жил“Хүүхэд-Хайр-Ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас холбогдох бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй “Монгол хүүхэд-2025” баярын арга хэмжээний нээлтэд аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Амарсанаа, ИТХ-ын дарга З.Эрхбаяр тэргүүтэй бусад албаны төлөөллүүд оролцож, хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ.
Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Амарсанаа Ирэх 4 жил нийгмийн бүхий л орчинд хүүхдийн сайн сайхан байдлыг хангаж, гэр бүл төвтэй, салбар дундын хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж, хүүхдийн хөгжил хамгааллын байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулна. Хүүхэд харах, өдөр өнжүүлэх үйлчилгээг хөгжүүлэх, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар эмэгтэйчүүдийн болон ганц бие эх, эцгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Бүтэн өнчин хүүхдийн “Гэрэлт ирээдүй” хадгаламжийг үргэлжлүүлэн олгоно. Бага насны хүүхдэд шим тэжээлийн дэмжлэг үзүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Баянбулаг зуслангаа өргөжүүлэн Баруун бүсийн хүүхдийн зусланг шинээр байгуулж, хичээлээс гадуурх үйл ажиллагаа буюу хүүхэд хөгжүүлэх секц, дугуйлан, сургалтын төвүүдийг дэмжиж, хувь хүний хөгжлийн академи байгуулах зэрэг хүүхэдрүү чиглэсэн олон чухал ажлыг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо.
Нээлтийн арга хэмжээний үеэр авьяаслаг хүүхэд багачууд, сурагчид, дуу хуур бүжиг наадмынхаа дээжээс өргөн барив. “Хүүхэд-Хайр-Ирээдүй” уриан дор тэмдэглэж буй баярын арга хэмжээ нь иргэд, олон нийтэд хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хүүхдийн оролцоонд суурилсан хөгжил, танин мэдэхүйн боловсрол олгох, монгол зан заншил, уламжлал, тоглоом наадгайг сурталчлан түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна.
Баярын арга хэмжээний үеэр “Хайраар гэрэлтье”, "Танин мэдье", “Зөвлөгч охин, сэргийлэгч хүү”, "Монгол наадгай" "Номтой нөхөрлөе", гэх мэт 10 гаруй өртөөчилсөн үйл ажиллагаа явуулж, мөн уралдаан, тэмцээн зохион байгуулж байгаа юм. Ховд аймгийн нийт хүн амын 38.3 хувь буюу 35445 нь хүүхэд. Тэдгээрийн 51.2 хувийг хүү, 48.8 хувийг охид эзэлж байна.