
Жил бүрийн намар зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд-Ховдод үйлдвэрлэв 2025” үзэсгэлэн худалдаа аймгийн төв талбайд 2 өдрийн турш явагдаж, өнөөдөр /2025.10.14/ шилдгүүдээ тодруулан өндөрлөлөө. Энэ жилийн үзэсгэлэнд 11 сумын 70 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж оролцов. Үзэсгэлэн худалдаагаар орон нутгийн хөрсөнд тарьж ургуулсан жимс, хүнсний ногоо, малын гаралтай түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүн, цагаан идээ, гар, урлал, модон эдлэл зэрэг 12 нэр төрлийн бүтээгдэхүүнийг иргэдэд сурталчлан, худалдан борлуулжээ. Улмаар 80 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос 10 төрлөөр шилдгүүдийг тодруулсан юм.
“ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ СУМ”-аар Ховд аймгийн Жаргалант сум
“ШИЛДЭГ ХОРШОО”-оор Ивээлт таван эрдэнэ хоршоо
“МАЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭДЭЭР ХАМГИЙН ОЛОН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭСЭН ҮЙЛДВЭРЛЭГЧ”-ээр Н.Сэвжид
“СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ХАМГИЙН ОЛОН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭСЭН ҮЙЛДВЭРЛЭГЧ”-ээр Алтайн эзэд хоршоо
“СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН ЦАГААН ИДЭЭ ТӨРӨЛ”-өөр Арвин сүү, амин дэм хоршоо
“ХАМГИЙН ОЛОН НЭР ТӨРЛИЙН ТАРИМАЛ ТАРИАЛСАН ҮЙЛДВЭРЛЭГЧ”-ээр Г.Мишка
“СУР, СУРАН ЭДЛЭЛ БОЛОН ЭСГИЙ УРЛАЛ, НООС ХӨӨВӨР, НООЛУУРЫН ТӨРӨЛ”-өөр С.Хөхнохой
“ХҮНСНИЙ НОГООГООР ХАМГИЙН ОЛОН НЭР ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭСЭН ҮЙЛДВЭРЛЭГЧ”-ээр Л.Цэцэгсүрэн
МАЛ, АМЬТНЫ ГАРАЛТАЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ТӨРӨЛ”-өөр Бум түм нэмэх буян компани
“ШИЛДЭГ ТАРИАЛАНЧ”-аар Ө.Ерболд нар шалгарчээ.
Орон нутгийн үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжихэд үзэсгэлэн худалдааны зорилго оршиж байв. Мөн энэ жилийн үзэсгэлэн худалдаа нь “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий үр дүнг сурталчлан таниулсан үр дүнтэй арга хэмжээ болсныг зохион байгуулагчдын зүгээс онцолж байв. “Намрын ногоон өдрүүд-Ховдод үйлдвэрлэв 2025” үзэсгэлэн худалдааг аймгийн ЗДТГ, ХХААГ, Төрийн банкны Ховд салбар хамтран зохион байгууллаа.