no image
Жаргалант сумын ахмадын баярын арга хэмжээ болов
2025-10-22
noimage
Цаг үеийн

Монголын Ахмадын баярын 33 дахь өдрийг тохиолдуулан Жаргалант сумын ахмадуудад хүндэтгэл үзүүлэх “Ахмадын баярын арга хэмжээ” –боллоо. Жаргалант сумын 12 багийн 500 гаруй ахмад буурлууд хүрэлцэн ирсэн уг арга хэмжээнд Нийгмийн бодлогийн асуудал хариуцсан орлогч М.Баярт оролцож нийт ахмадууддаа мэндчилгээ дэвшүүллээ. 

 

 

Мөн ахмад настны чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хүргэв. Түүнчлэн аймгийн эрүүл мэндийн газраас ахмад настанруу чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээний талаар ХХҮГ-аас ахмад настанд зориулсан нийгмийн халамжийн үйлчилгээний талаар тус тус мэдээлэл хийлээ. 

 

 

Ахмадын баярын арга хэмжээ тусгай хөтөлбөрийн дагуу энэ сарын 7-ны өдрийг хүртэл явагдана. 2024 онд Ахмад настны тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, 2025 оны 01 дүгээр сараас эхлэн мөрдөгдөж буй. Шинэчлэгдсэн хуулийн 12-р зүйлд жил бүрийн цагаан сар, ахмадын өдрийг тохиолдуулан аж ахуйн нэгж, байгууллагууд ажиллаж байсан ахмад настандаа хүндэтгэл үзүүлэх, харин ямарваа нэгэн байгууллагад харьяалалгүй ахмадуудад тухайн аймаг, сумын төр захиргааны байгууллага нь хүндэтгэл үзүүлнэ гэж хуульчилжээ. Энэ дагуу судалгааг гаргасны үндсэн дээр аймгийн Засаг даргын Тамгын газраас Жаргалант сумын ЗДТГ, холбогдох салбар байгууллагуудтай хамтран Жаргалант суманд амдардаг болон сумдаас аймгийн төвд түр амьдран сууж байгаа, ямар нэгэн байгууллагад харьяалалгүй ахмадуудыг хамруулан энэхүү арга хэмжээг зохион байгуулснаараа онцлогтой.

 

 

Ахмадуудын эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар санал асуулга явуулж, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэхэд арга хэмжээний зорилго оршиж байв. Ховд аймгийн хэмжээнд 9535 ахмад настан бий. Үүний 7812 нь ямар нэгэн байгууллагад харьяалалгүй. Харин Аймгийн төв буюу Жаргалант суманд 4000 орчим ахмад настан байгаагийн 2833 нь мөн ямар нэгэн байгууллагад харьяалалгүйгээр өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадууд байна.