2025 оны 2 дугаар улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтыг Ховд аймагт 05-р сарын 22,23-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ удаагийн шалгалтад Ховд аймгаас 152 иргэн оролцохоор бүртгүүлсэн. Шалгалтыг товлосон өдрүүдэд 7 ээлжээр авахаар төлөвлөсөн бөгөөд эхний өдрийн буюу өнөөдрийн шалгалт 5 ээлжээр явагдаж дууслаа. Тухайн өдөр 108 иргэн шалгалтад орохоос 91 нь оролцсон юм. Тэдгээрийн 36.4 хувь буюу 33 иргэн төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэж, төрийн албаны нөөцөд орох боломжтой боллоо. Шалгалтын үеэр ямарваа нэгэн эвдрэл гэмтэл, зөрчил гараагүй гэдгийг Төрийн албаны ерөнхий шалгалтын салбар комиссоос мэдээллээ. Шалгалт маргааш /2025.5.23/ өглөөний 07:30 цагт эхэлж 2 ээлжээр явагдснаар энэ оны 2 дугаар улирлын шалгалт дуусна.