no image
Багш нарын бага хурал боллоо
2019-8-26
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
Ховд аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” сэдэвт багш нарын бага хурал зохион байгууллаа. Хурлын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү болон бусад удирдах ажилтан, 17 сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, сургалтын менежер, багш нарын төлөөлөл 380 гаруй хүн оролцов. Тус хурлаар 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэн хэлэлцэж, цаашдын үйл ажиллагааны зорилго, зорилтыг тодорхойлох замаар боловсролын салбарын өнөөгийн байдал, анхаарах асуудлын талаар харилцан санал солилцсон юм.
Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, БСШУСЯ-ны зорилтын хүрээнд орон нутгийн боловсролын салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх, байгууллагын менежмент, чадавхийг сайжруулах, багш, хүүхэд бүрийг хөгжүүлэх талаар гаргасан 2019-2020 оны хичээлийн жилийн шинэ зорилго, зорилтын талаар аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү танилцууллаа. Боловсролын салбарынхан энэ хичээлийн жилд “Хичээл хөгжүүлэх үйл ажиллагааны бэлтгэлийг чанартай бэлтгэн, үр дүнтэй хэрэгжүүлж, сургалтын байгууллага, багш, эцэг эх, асран хамгаалагчийн хамтын оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, суралцагчийн хөгжил, төлөвшилд ахиц гаргана” гэсэн зорилго тодорхойлж, тус зорилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үндсэн таван чиглэлийн зорилт дэвшүүлсэн байна. Цаашид боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, орон нутгийн боловсролын хөгжлийн төлөвлөлтийг боловсруулах, салбарын үйлчилгээний хүртээмж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, багшийн хөгжлийг хангах, онол, заах арга зүйн ур чадварыг сайжруулах, дотуур байрны хүртээмж, чанарын үнэлгээг ахиулах, багш сурагчдад ээлтэй, эерэг харилцаа хандлага бий болгох, материаллаг баазыг бэхжүүлэх, сургалтын чанарыг дээшлүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөжээ.