no image
Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав ард иргэддээ “ИЛГЭЭЛТ” бичиг уламжиллаа
2021-2-7
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Хууль, эрх зүй
Ард иргэд, нутгийн зон олондоо хүргэх “ИЛГЭЭЛТ”
Дэлхий нийтийг цочроосон “COVID-19” цар тахлын дотоодын халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж Нийслэл Улаанбаатар хотод голомтлон гарсаар байна. Нөхцөл байдал хүндхэн байгаа ч Ховд аймаг орон нутгийнхаа 3 цэгт байнгын хяналтын цэг ажиллуулж, аймаг, сумруу нэвтэрч буй иргэн бүрийг шинжилгээнд хамруулан ажиллаж байна. Үүний үр дүнд голомтоос зөөвөрлөгдсөн халдварын хоёр тохиолдлыг Дарви сумын хяналтын цэг дээр илрүүлэн тусгаарлаж 90 орчим мянган иргэдийнхээ эрүүл мэнд, эрх ашгийг хамгаалах үүднээс тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хотруу буцааж Ховд аймгаа “ЭРҮҮЛ-ЭКО БҮС”-ээр авч үлдлээ.
Одоогоор Ховд аймагт цар тахлын халдварын ямар нэгэн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй, цаг үеийн нөхцөл байдал харьцангуй тайван байгаа учраас ард иргэд, аж ахуйн нэгжүүдийг үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээгээ хэвийн явуулах боломжоор ханган ажиллаж байна.
Халдвартай бүс нутгаас иргэд хэдийгээр шинжилгээ өгч зохих журмын дагуу ирж байгаа ч гэлээ хамгийн гол нь гэрийн ажиглалт, тусгаарлалтын дэглэмээ сайтар мөрдөх нь зүйтэй. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн Онцгой комиссын хурлаас сар шинийн баярын өдрүүдэд буюу 2021 оны 02 дугаар сарын 11-ний 16:00 цагаас 02 дугаар сарын 16-ны 16:00 цаг хүртэл, аймаг, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг хаах шийдвэрийг гаргалаа. Төр засгийнхаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна.
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос сар шинийн баярыг өргөн хүрээнд бус гэр бүлийнхээ хүрээнд “ЦАХИМ”-аар тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасан. Тиймээс айл өрх, иргэн бүр эдийн засгаа хэмнэх үүднээс элдэв бэлэг сэлт бэлтгэж илүү зардал гаргахгүй байхыг хүсье. Харин уламжлалын дагуу хүндэтгэлийн идээ таваг, гүнцэг шүүсээ бэлтгэхдээ Монгол Улсын ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн санаачилсан “Эх оронч” худалдан авалт хийх тэр дундаа орон нутгийнхаа үйлдвэрлэлийг дэмжихийг уриалж байна.
Ард иргэд, нутгийн зон олон та бүхнийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, иргэний үүргээ биелүүлэхийг аймгийн Засаг дарга, Онцгой комиссын даргын хувьд хичээнгүйлэн хүсч энэхүү "ИЛГЭЭЛТ"-ийг цахим хуудсаараа дамжуулан хүргэж байгааг минь хүлээн авна уу!!!