no image
ЧАНДМАНЬ СУМ “СҮҮ, ЦАГААН ИДЭЭ БОЛОВСРУУЛАХ ЦЕХ”-ТЭЙ БОЛЛОО
2020-6-10
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Монгол Улс 70 гаруй сая толгой малтай хэдий ч иргэдийнхээ сүүний хэрэгцээний дийлэнхи хувийг импортоор авдаг. Тиймээс импортын бүтээгдэхүүнийг дотоодын экологийн цэвэр бүтээгдэхүүнээр орлуулах, сүү, сүүн бүтээгдэхүүний эдийн засгийн эргэлтийг сайжруулах, орон нутагт ажлын байр бий болгох зорилгоор Чандмань суманд Жаргалант сүүн цацал хоршооны “Сүү, цагаан идээ боловсруулах цех”-ийг байгуулж, нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагаас Европын холбооны санхүүжилтээр 3 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд байгуулсан тус цех нь өдөртөө 400 литр сүүг боловсруулж 8-12 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Цехийн ажилтнууд бүтээгдэхүүн үйлвэрлэх сүүг сумын малчдаас гэрээгээр, хуваарийн дагуу авч үйлдвэрлэсэн тараг, ааруул, аарц, зөөхий гэх мэт бүтээгдэхүүнүүдийг сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг байгууллагуудад нийлүүлэхээс гадна зах зээлд худалдан борлуулах боломж бүрдэж байгаа юм. Сүү, цагаан идээ боловсруулах цехийн нээлтийн үйл ажиллагааны үеэр сүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхийн тулд орон нутгийн зүгээс үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж, ЖДҮХС-ийн зээлд хамруулах, бүтээгдэхүүнийг “Номин” худалдааны төвийн “Ховдод үйлдвэрлэв” хэсэгт нийлүүлэн худалдаалах боломжтой болохыг аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан онцлон хэлж байлаа.
Дээрхи төслийн хүрээнд өнгөрсөн онд Булган, Дуут сумдад сүүний үйлдвэр, сүү, цагаан идээ боловсруулах цехийг байгуулсан бол энэ онд Чандмань, Мянгад сумдад байгуулах юм.