no image
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.ДҮГЭРЖАВ ДУУТ СУМАНД АЖИЛЛАВ
2020-1-18
noimage
Цаг үеийн мэдээ
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2019 оны ажлын тайланг танилцуулах, сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажилд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг 01-р сарын 17-ны өдрөөс эхлэн орон нутагт ажиллаж байна. Өнөөдөр /2020.01.17/ аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг Мянгад суманд ажилласан бол аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг Дуут суманд ажиллав. Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Дуут суманд ажиллах үеэрээ өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцахаас гадна иргэд, хөдөлмөрчид, төрийн албан хаагчдад 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, 2020 онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.
Өнгөрсөн 2019 онд Дуут суманд 3.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Тухайлбал, 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын Соёлын төвийг барьж ашиглалтад оруулсан бол Спорт заалны барилгын ажлыг эхлүүлж 20 хувийг нь хийж гүйцэтгээд байна. Үүнээс гадна цэцэрлэгийн барилгын дээвэр, зам засаж сайжруулах гээд олон чухал ажлыг хийж хэрэгжүүлсэн байна. 2019 онд ажлыг нь эхлүүлсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг энэ онд бүрэн дуусгаж ашиглалтад оруулахаас гадна аймгийн Засаг дарга тус сумын сургуулийн бүх ангийн ширээ сандлыг шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөсөнөө сумын иргэдэд дуулгалаа. Уулзалтын үеэр сумын Эрүүл мэндийн төвд Нярайн судас тодруулагч аппарат, цахилгаан жин гардуулав. Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж буй нэр бүхий төрийн албан хаагчдад Эрүүл мэндийн яамны Жуух бичиг, аймгийн Засаг даргын Хүндэт өргөмжлөл гардуулж баяр хүргэлээ. Дуут суманд энэ өвөл 127607 мал өвөлжиж байна. Үүний 30600 хээлтэгч мал байна. Бэлчээрийн хангамж хүрэлцээтэй, цас багатай, цаг агаар тогтуун, өвөлжилт хэвийн байна. Малчид, сум орон нутгийн удирдлагууд МАА-н болон, төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангажээ.