

Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилттэй “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийг Ховд аймагт энэ оны 1 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж эхэллээ. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тус төслийн нээлт өнөөдөр /2026.02.04/ боллоо . Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, аймгийн Боловсролын газар, ГБХЗХГ, Жаргалант сумын ЗДТГ, төслийн зорилтот сургуулиуд болон хамтарсан багийн төлөөллүүд оролцов. Мөн Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн суурин төлөөлөгч Л.Баян-Алтай болон Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн ажилтан Э.Оюунмаа төслийн зорилгын талаар оролцогчдод танилцуулсан юм. Энэ үеэр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар болон Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан хамтын ажиллагаагаа баталгаажуулан харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үр дүнтэй хариу арга хэмжээ авах мэдлэг, ур чадварыг багш, сурагчид, хамтарсан багийн гишүүдэд эзэмшүүлэхэд төслийн зорилго чиглэж байна. Төслийг Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэг болон Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн нийт 18 сургууль, 18 хамтарсан багт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Дашрамд дурдахад, Хүүхдийг Ивээх Сан 2023–2025 онд “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг Ховд аймагт амжилттай хэрэгжүүлжээ.
