no image
"ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 27 ДАХЬ ӨДӨР, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 55 ДАХЬ ӨДӨР"-ӨӨР "ЧАДВАРЛАГ БАГШ", ШИЛДЭГ СУРГУУЛЬ, БАГШ, СУРАГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛАВ
2021-10-5
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
Өнөөдөр /2021.10.05/ Дэлхийн багш нарын 27 дахь өдөр, Монголын багш нарын 55 дахь өдөр. Аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Боловсролын газар, Ховд их сургууль хамтран багш нарын баярын хүндэтгэлийн арга хэмжээг Ховд их сургууль дээр зохион байгуулав. Энэ үеэр 2020-2021 оны хичээлийн жилийн зорилт, амжилт ололтын талаар Боловсролын газрын дарга Б.Алтангэрэл илтгэл тавилаа. Ковид-19 цар тахлын улмаас өнгөрсөн хичээлийн жилийн ихэнх хугацаанд сургалтыг цахимаар явуулсан ч багш, сурагчдын уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд амжилтаа ахиулсан жил байсныг онцоллоо. Тодруулбал, Элсэлтийн ерөнхий шалгалтад Монгол хэл бичгийн хичээлээр улсад 2 дугаар байранд, ЭЕШ-ын дундаж оноогоор улсад 6 дугаар байранд шалгарахын зэрэгцээ цахимаар зохион байгуулсан олон уралдаан тэмцээн, олимпиадад амжилт үзүүлжээ.
Багш нарын баярын хүндэтгэлийн арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав нийт багш нартаа мэндчилгээ дэвшүүлж, цаашид боловсролын чанарыг илүү ахиулах, нөхцөл байдлын улмаас үүссэн хоцрогдлыг арилгах, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх тал дээр багш бүр хичээж санаачилга гарган ажиллахыг уриаллаа. Аймаг, орон нутгаас ч боловсролын салбарыг хөгжүүлэх, ахиц дэвшил гаргах, багш, сурагч, оюутнуудаа дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Энэ үеэр салбартаа олон жил нэр хүндтэй ажиллаж буй Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны их сургуулийн профессор Б.Энхжаргал “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”- оор энгэрээ мялаасныг гардуулж баяр хүргэв. Мөн төрийн дээд шагнал “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль” болон "Боловсролын тэргүүний ажилтан", Монгол Улсын Засгийн газар, БШУ-ны яамны "ЖУУХ БИЧИГ",   “Ховдын төлөө медаль”, аймгийн “Хүндэт тэмдэг”, аймгийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”, аймгийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”, “Жуух бичиг”-ээр нэр бүхий багш нарыг шагнаж урамшуулав.
2020-2021 оны хичээлийн жилийн ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчид тэднийг бэлтгэсэн багш нарын шагналыг ч гардуулж баяр хүргэсэн юм. Тухайлбал, аймгийн Засаг даргын санаачилсан “ЧАДВАРЛАГ БАГШ, ОЮУТАН, СУРАГЧ” хөтөлбөрийн хүрээнд 800 оноо авсан 5 сурагчийг тус бүр 1 000 000 төгрөгөөр, 780-аас дээш оноо авсан 4 сурагчийг тус бүр 500 000 төгрөгөөр, 750-аас дээш оноо авсан нийт 14 сурагчийг тус бүр 300 000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.
ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдыг бэлтгэсэн Жаргалант сумын Прогресс сургуулийн Физикийн багш Д.Оюунсүрэн, Жаргалант сумын 6 дугаар сургуулийн Монгол хэлний багш М.Сарантуяа, Буянт сумын дунд сургуулийн Физикийн багш М.Амгалан, Манхан сумын дунд сургуулийн Монгол хэлний багш Я.Отгонбаяр нарыг тус бүр 1 000 000 төгрөгөөр шагнав.
ЭЕШ-ын дундаж оноогоор Прогресс сургууль аймагтаа тэргүүн байранд шалгарч 4 850 000 төгрөгөөр, 2 дугаар байранд Жаргалант сумын 7 дугаар сургууль шалгарч 3 150 000 төгрөгөөр, 3 дугаар байранд Алтай сумын дунд сургууль шалгарч 1 900 000 төгрөгөөр тус тус шагнууллаа.
Хүүхэд нэг бүрийг хөгжүүлж, массын сургалтаар амжилт гаргасан Жаргалант сумын 2 дугаар цэцэрлэгийн багш Б.Дуламсүрэн, Прогресс сургуулийн багш Х.Цэцэгсүрэн, 1 дүгээр сургуулийн багш С.Болормаа, Буянт сумын дунд сургуулийн багш М.Амгалан, Ховд их сургуулийн багш Б.Даваадорж нарыг  “ЧАДВАРЛАГ БАГШ”-аар шалгаруулж ”ӨРГӨМЖЛӨЛ” мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.
Үүнээс гадна ЭЕШ-д 800 оноо авсан нэр бүхий 3 сурагч, 800 оноо авсан сурагчдыг бэлтгэсэн 4 багшид  УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт, “Сандаг сан”-аас “БАТЛАМЖ”, мөнгөн шагналаар шагнаж баяр амжилт хүслээ.