no image
Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтөд санал авах хэлэлцүүлэг болов
2026-2-25
Байгал орчин

 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оныг эдийн засгийг өргөтгөхөд чиглэсэн эрхзүйн шинэчлэлийн жил болгон зарлаж, салбарын эрхзүйн орчныг боловсронгуй болгох ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах, Газрын тосны тухай хуулийг шинэчлэн найруулах, Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулж батлуулах зэрэг ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж эхэлжээ. Уг ажлын хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Газрын тосны газар, Үндэсний геологийн алба хамтран 21 аймагт Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Ц.Өнөрнасангаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2026.02.12/ Ховд аймагт ажиллаж, иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсгийн ахлагч Ц.Өнөрнасан “Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл”-ийн ач холбогдол, хүлээгдэж буй үр дүнгийн талаар танилцуулж, оролцогчдын санал, зөвлөмжийг хүлээн авсан юм. 

 

 

Ашигт малтмалын салбар нь Монгол Улсын эдийн засгийн стратегийн чухал салбар бөгөөд улсын нийт орлогын 28 хувь, экспортын орлогын 94 хувьд, аж үйлдвэрийн салбарын 74 хувийг бүрдүүлдэг байна. Иймээс хууль эрхзүйн орчныг шинэчлэх нь салбарын тогтвортой хөгжлийн хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Ажлын хэсгүүд орон нутгаас ирүүлсэн санал, зөвлөмжийг нэгтгэн хуулийн төсөлд тусган ажиллахаар төлөвлөжээ.