Аймгийн Онцгой комисс хуралдаж, цаг үеийн зарим асуудлыг хэлэлцэв.
2019-3-25
Боловсрол, Эрүүл мэнд
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн тулгамдсан асуудлыг авч хэлэлцэн зохих шийдвэр гаргах, мэргэжлийн байгууллагууд, сумдын удирдлагуудад үүрэг чиглэл өгөх зорилгоор өнөөдөр аймгийн Онцгой комиссын хурлыг зохион байгууллаа.
Хуралд Онцгой комиссын гишүүдийн 90 орчим хувь нь оролцож Ус, цаг уур орчны шинжилгээний газар, Зооноз өвчин судлалын төв, Эрүүл мэндийн газар, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын мэдээллийг тус тус хэлэлцээд цаашид анхаарах асуудлын талаар харилцан санал солилцож холбогдох хуулийн дагуу хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.
Тухайлбал: Ой хээрийн түймэр болон Шар усны үерээс урьдчилан сэргийлэх Засаг даргын албан даалгавар гаргаж холбогдох албан байгууллага, аж ахуйн нэгж, сумдад хүргүүлж хэрэгжилтийг хангаж ажиллахыг,
Аймгийн хэмжээнд гарч байгаа томуу, томуу төст, улаанбурхан, шар өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа, сэрэмжлүүлэг мэдээг аймгийн хэмжээнд зохион байгуулж ажиллахыг,
Завхан, Баянхонгор аймгуудаас хөнгөлттэй үнээр Засгийн газраас олгогдох тэжээлийг Ховд аймагруу тээвэрлэх зардлыг Засаг даргын Гамшгийн нөөцөөс гаргахыг,
Ховд, Эрдэнэбүрэн сумдын чиглэлд мэдээлэл холбооны сүлжээны кабель тасарч төрийн болон аж ахуй нэгж, хувийн хэвшлийн үйл ажиллагаа тасалдсантай холбогдуулан хэвийн болгоход шаардагдах 849000 төгрөгийг Засаг даргын Гамшгийн нөөцөөс гаргах зэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэн хэрэгжүүлж ажиллахыг холбогдох байгууллагын дарга нарт тус тус үүрэг болголоо.
Хурлаар хэлэлцсэн бас нэг чухал асуудал бол өнгөрсөн өвлийн их хүйтнээр тэлж хөлдсөн Буянт голын мөс хайлж урсан улмаар айл өрхүүд усанд автах, авто зам эвдрэх нөхцөл байдал үүссэн асуудал юм. Ус ихтэй байгаа учраас дээрх нөхцөл байдал ганц нэг хоногтоо биш нэлээд олон хоног үргэжилж болзошгүй учраас цаашид учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс бүх талын арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Жаргалант сумын ЗДТГ болон холбогдох байгууллагын дарга нарт үүрэг болгосон юм.