
Ховд аймгийн ИТХ-ын VII хуралдаанаар “Аймгийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-г хэлэлцэн баталлаа. Аймгийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баасанхүү тус асуудлын ерөнхий илтгэл мэдээллийг танилцуулсан юм. “Ховд аймгийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-ний төслийг Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2026 оны зорилтууд, Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан боловсруулжээ. Энэ хүрээнд сум, байгууллага, иргэд олон нийтээс санал авч, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор 5 бодлого, 109 арга хэмжээг тусгасан байна. Тодруулбал, Ховд аймгийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Байгаль орчин ногоон хөгжлийн бодлого, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого тусгагджээ. Эдгээр бодлого, арга хэмжээг хэрэгжүүлснээр эдийн засгийн тэргүүлэх чиглэл, бүсийн хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж, бие даасан эдийн засагтай аймаг болох суурь тавигдах юм.