no image
Сургалтын байгууллагын тогооч нар чадавхжиж байна
2026-4-17
noimage
Боловсрол, Эрүүл мэнд

Ерөнхий боловсролын сургууль болон СӨБ-ын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллаж буй хоол зүйч, тогооч нарыг чадавхжуулах, давтан сургах, хүүхдийн хоолны чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой онол, дадлага хосолсон сургалт Ховд аймагт зохион байгуулагдаж байна. Тус сургалтыг аймгийн Боловсролын газрын хүсэлтээр Боловсролын яамны харьяа “Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төв”-ийн сургагч нар удирдан явуулж буй бөгөөд “Хүүхдийн хоолны тогоочийн мэргэшүүлэх хөтөлбөр”-ийн зургаа дахь ээлжийн сургалт гэдгээрээ онцлогтой. Сургалтын хүрээнд оролцогчид хоол үйлдвэрлэл, үйлчилгээний төлөвлөлт, менежмент, бага насны хүүхдийн хоол тэжээлийн онцлог, хоол үйлдвэрлэлийн технологи, шим тэжээлийн үндсэн ойлголт зэрэг чиглэлээр мэдлэг, чадвараа дээшлүүлж байна. Энэхүү сургалт нь Монгол, БНСУ-ын мэргэжлийн багш нар хамтран боловсруулсан 120 цагийн онол, дадлага хосолсон хөтөлбөрөөр явагдаж байгаа юм. Энэхүү сургалтад аймгийн 17 сумын ерөнхий боловсролын 24 сургууль, 35 цэцэрлэгийн нийт 80 гаруй тогооч хамрагдаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн, хүүхдийн хоолны чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр мэдлэг, чадвар эзэмшиж байна. Үр дүнд тогооч нарын ур чадвар ахиснаар хоол бэлтгэх технологи, эрүүл ахуйн стандарт мөрдөлт нэмэгдэн, хүүхдийн хоолны чанар, шим тэжээл илүү сайжрах нөхцөл бүрдэнэ. Сургалт 14 хоногийн хугацаанд үргэлжилж, энэ сарын 3-ний өдөр өндөрлөх бөгөөд амжилттай дүүргэсэн оролцогчдод “Хүүхдийн хоолны тогоочоор мэргэшсэн” гэрчилгээ олгоно.